"Дээлтэй Монгол" наадамд Буриад, ӨМӨЗО-ны төлөөллүүд оролцоно

"Дээлтэй Монгол" наадам, "Улаанбаатарын үдэш" цэнгүүнийг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн хэмжээнд дөрвөн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

  • 7 сарын 10-нд “Дээлтэй Монгол наадам” 14:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд
  • 7 сарын 11,12-нд “Улаанбаатарын үдэш эх орноос магтан дуулъя” үдшийн шоу тоглолт 21:00 цагаас Сүхбаатарын талбайд
  • 7 сарын 13-нд УДБЭТ-ын тайзнаа “Pop Opera Live Concert” 19:00 цагт тоглогдоно.

Үүнээс гадна Сөүл, Улаанбаатар хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан долоодугаар сарын 13-нд АСА циркийн өмнөх задгай талбайд “Сөүл хотын захиргааны нэрэмжит өдөрлөг”-ийг 12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр Сөүл хотын захиргаанаас  Пёнчанийн өвлийн олимпд үзүүлсэн лазер шоуг үзүүлэхээр хөтөлбөртөө багтаажээ.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга В.Батчимэг 

Дээлтэй Монгол наадам”-ын хувьд 13 дахь жилдээ Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад дуусаж байна. Энэ жилийн хувьд ОХУ-ын Буриад улсаас, БНХАУ-ын ӨМӨЗО-оос төлөөллүүд ирж оролцоно. Мөн “Монгол туургатан мисс” наадмын миссүүд,  дүүрэг тус бүрийн иргэд болон аж ахуйн нэгжүүдээс жагсаалд оролцохоос хүсэлтээ ирүүлж байна. Наадмын үеэр,

  • Шилдэг үндэсний хувцастай дүүрэг, байгууллага, гэр бүл, хүүхэд
  • Шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй, гадаад жуулчныг тус тус шалгаруулна” гэлээ.
Мөн Сүхбаатарын талбайд болох шоу тоглолт нь хоёр хэсгээс бүрдсэн байна. Тоглолтод "Яг түүн шиг", "Voice", "Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогчид оролцохоос гадна Монголын урлаг, соёлын төлөөллүүд оролцоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ