Хэнэггүй, хайхрамжгүй нь дэндсэн Монгол зан

Нар асгарч хур тэгширсэн найр хөгжиж, хуур уянгалсан Монгол наадам дууслааГэвч найр наадмын үеэр манайхны  хайхрамжгүй зан хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхдүүд эндэх, томчууд нь архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас усанд осолдож унах, хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлж үй олноороо үрэгдэх зэрэг харамсалтай хэргүүд гарлаа. Тухайлбал, баяр наадмын үеэр согтуу эмэгтэй майханд унтаж байсан хоёр нялх хүүхдийг машинаар дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг бүртгэгджээ.


 Дорнод аймгийн Цагаан-овоо суманд энэ сарын 13-ны өдрийн 06:03 цагт тус сумын нутаг дэвсгэр Гүн цэнгэлэг нэртэй нуурын эрэгт 25 настай О гэх эмэгтэй согтуугаар автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхныг дайрч гарчээ. Гэтэл уг майханд  зургаа, долоон сартай хоёр хүүхэд унтаж байсан бөгөөд ослыг улмаас тэд амиа алдаж, гурван хүн гэмтсэн байна.


Онцгой байдлын газарт зун цагт ирж буй нийт дуудлагын 90 орчим хувийг усны ослын дуудлага эзэлдэг. Баяр амралтын өдрүүдэд 15 хүн усанд осолдож нас барсан харамсалтай хэрэг гарсан.  Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг.


Зуны цагт амарч зугаалах нь хувь хүний эрх. Гэсэн хэдий ч тэрхүү эрхээ эдлэхийн сацуу үр хүүхэддээ тавих хараа, хяналтаа сулруулахгүй байхсан. Ямар ч тохиолдолд эрхээ эдлэхдээ үүргээ ухамсарладаг байвал ганц удаагийн аялал зугаалгаас болж, гартаа хөтлөж яваа үр хүүхдээсээ хагацахгүй шүү дээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс бус өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж амиа алдаж байгаа мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа нь монголчууд бидний хэнэггүй зан хэтэрхий ахадсаны л илэрхийлэл гэлтэй.


Нуурын усанд үрээ унагаад нулимсаа бартал уйлаад ч эргүүлж авч чадаагүй харамсалтай тохиолдол дахин битгий л гараасай.


Г.Хулан


СЭТГЭГДЭЛ БИЧИХ