Харшилд дарлуулсан "хөөрхий" Монголчууд

Монголчууд сүүлийн жилүүдэд урин дулааны цагт амарч зугаалж чадахаа больжээ. Учир нь бидний ярьж заншсанаар ургамлын тоосны харшилтай хүмүүсийн “зовлон” ид байгаа юм.
Хөдөө гарч халуун чулуу атган голын эрэг дээр суумаар байгаа ч монголчуудын олонх нь харшил гээч өвчинтэй нүүр тулаад нэлээд хэдэн оныг ардаа үджээ. Нарны, тоос тоосонцрын, ургамлын, цаашлаад хүнсний зарим төрлийн ногооноос хүртэл харшилдаг хүн байна.
Ер нь л харшлын шинэ төрлүүд нэмэгдсээр. Эмнэлгийн ачаалал ихэссээр байгааг мэргэжлийн хүмүүс онцолдог.
Харшил үүсгэгчийг үүсэл гарлаар нь гадаад болон дотоод гэж ангилдаг байна. Гадаад шалтгаанд ахуйн харшил үүсгэгч, тоосонцор, эмийн бодис, хүнсний харшил үүсгэгч зэрэг орно. Монголчуудын хувьд насанд хүрэгчдийн 40, хүүхдүүдийн 30 орчим хувь нь ямар нэгэн байдлаар харшлын эмгэгтэй байгаа ажээ. Энэ нь 2014 онд гаргасан тоон судалгаанаас даруй хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Таван жилийн өмнө буюу 2014 онд дээрх тоон дүн 24 хувьтай байсан. Харшилтай хүмүүсийн 80 орчим хувь нь ургамлаас харшилдаг. Ингэхдээ шарилжаас 67.5, луулиас 30.7, согоовортоос 19.4, биелэгтээс 5.6 хувь нь харшилж байгааг тогтоосон байна.
Дээр дурдсан ургамлууд нь бидний нэрлэж заншсан “Хогийн ургамал” аймгийнхан юм. Нэгэн судалгаанд “Хүүхдийн аав, ээж хоёр нь хоёулаа харшилгүй байсан ч харшилтай байх магадлал 5-15 хувь, харин аль нэг нь харшилтай бол 25 хувь, хоёулаа харшилтай бол 50-60 хувиар хүүхэд харшилтай болох магадлалыг нэмэгдүүлдэг” хэмээжээ.
Хүүхдийг харшилтай болохоос урьдчилан сэргийлэхийн тулд ямар нэгэн өвчнөөр өвчлүүлэхгүй, эрүүл өсгөх хэрэгтэй. Хэрэв хүүхэд өвчлөмтгий байгаад байвал дархлаа нь суларч улмаар харшилтай болох эрсдэлтэй. Тиймээс зуны улиралд хүүхдээ чийрэгжүүлэх шаардлагатай. Үүний тулд агаарт гаргаж, айраг цагаагаар эмчилж болно. Мөн янз бүрийн цочроогч, харшил үүгэхүйц зүйлээс хол байлгах шаардлагатай юм.
Харшлын эмчилгээнд АНУ жил бүр 16 тэрбум ам.доллар, Их Британи 900 сая евро тус тус зарцуулдаг байна. Харин манай улсад хэдэн төгрөг зарцуулдаг нь тодорхой бус. Гэтэл гаднын өндөр хөгжилтэй орнууд бодлогоор харшилтай тэмцдэгийг дээрх хоёр гүрний мөнгөн дүн харуулж буй юм.
Угтаа иргэд өөрсдөдөө анхаарал хандуулж, аль ч цаг үед дархлаагаа дээд зэргээр дэмжих нь харшлаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга болохыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.
Анагаахын мэргэжилтнүүд одоог хүртэл харшлыг 100 хувь эдгээх төгс эмчилгээг олоогүй ч тогтвортой эмчилгээ хийлгэвэл харшлын шинж тэмдгийг 10-15 жилийн хугацаанд дарах чадвартай аж. Та өөрийн харшилтай эсэхийг мэдэх, эсвэл харшлын оношоо баталгаажуулах хүсэлтэй бол эмнэлэгт хандан харшлын сорил тавиулах, эмчилгээ хийлгэж эхлэх нь хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвалаас өөрийгөө хамгаалахад туслах юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ