Б.Хурц нарыг шүүх хурал өнөөдөр хаалттай болно

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд хаалттай болно.

Гэхдээ шүүх хурал хойшилж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Б.Хурц нарыг шүүх болсон шалтгаан нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр буруутган шалгасан байгаа юм.

ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг  наадмын өмнө болж, гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болох ёстой.

Дашрамд дуулгахад, Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ-Очир хоёр уржигдар хоёр хүүхдийнхээ хуримыг “Скай ресорд” нүсэр хийж, төрийн томчуудыг нэгэн дор цуглуулсан билээ.

Тодруулбал, Б.Хурцын том хүү Х.Тайван Л.Эрдэнэ-Очирын охин Э.Золзаяатай хуримласан юм. Тэд 10 жилээсээ үерхэлж нөхөрлөж хамтдаа амьдраад удаж буй тэд хоёр хүүхэдтэй аж.

Ийнхүү нэр алдартай, эрх мэдэлтэй эд хөрөнгөтэй хоёр албан ёсоор худ ураг бололцож, төрийн томчуудыг нэг дор цуглуулсан бол өнөөдөр нэг нь шүүхийн танхимд суух гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ