“Хотгойдын хурд-4” наадмын нээлтийн ёслолоо шөнө хийнэ

Мөрөн хотын 210 жилийн ой, Хотгойдын хурд 4 наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн талбай  болон баяр наадмын төв талбай, мөн шинээр байгуулсан “Гэрэлт гудамж"-ийг олон улсын стандартад нийцсэн орчин үеийн гэрэлтүүлгээр тоноглолоо.

Энэ ажлыг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн санаачилга дэмжлэгээр нийт 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ нь зөвхөн баяр наадмын үйл ажиллагаанд өнгө гэрэл нэмээд зогсохгүй Хөвсгөлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуучууд ая тухтай орчинд спортоор хичээллэх, бие бялдрын хувьд өв тэгш хөгжих, тамирчдын бэлтгэл сургуулилтын нөхцөл сайжирч, амжилтад нь эерэгээр нөлөөлөх боломжтой зэрэг олон чухал ач холбогдолтой юм.

“Хотгойдын хурд -4” наадмын нээлтийн ёслолыг 2019 оны 7 дугаар сарын 26-ны 21:00 цагт шинэ гэрэлтүүлэг хийсэн талбайдаа зохион байгуулах бөгөөд энэ нь Монголд анх удаа шөнө хийх баяр наадмын нээлтийн ёслол болох юм.

Мөн түүнчлэн энэ жил Хөвсгөл аймгийн Хөлбөмбөгийн холбооны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд ирэх 8 дугаар сарын 5-15-ны өдрүүдэд 21 аймгийн хөл бөмбөгчдийн ”Цомын төлөөх” тэмцээн Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл аймагт анх удаа зохион байгуулагдах юм.

Эх орныхоо өнцөг булан бүрээс зорин ирэх баг тамирчид, зочид төлөөлөгчдөө олон улсын стандартын шаардлага хангасан шинэхэн гэрэлтүүлэгтэй талбайдаа угтан авч үндэсний хэмжээний томоохон тэмцээнийг зохион байгуулах боломж Хөвсгөлчүүдийн өмнө нээгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ