Ногоон байгууламж дээгүүр машинтай явсан жолоочыг 400 мянган төгрөгөөр торгожээ

 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Наадамчдын гудамж буюу Яармагийн замын ногоон байгууламж дээгүүр зорчиж зөрчил гаргасан жолоочийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн

Тодруулбал энэ сарын 22-ны өдрийн 18.00 цагийн орчимд “Приус” маркийн автомашины жолооч зорчих хэсгээс гарч хайлс, хашлага даван зүлэг талбай дээгүүр давхиж буй бичлэг цахим хуудсанд нийтлэгдсэн. Иргэний мэдээллийн дагуу тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаараар зарлан мэдээлж жолоочийг олж илрүүлэхэд тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Зүлгэн дээгүүр зорчсон шалтгаанаа “Тухайн үед яарч явсан. Гэтэл түгжирээд байхаар нь зүлгэн дээгүүр давхисан” хэмээн тайлбарлажээ. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тухай “Айраг уучихсан чинь 0.93 хувь гараад ирлээ.  Мэдсэнгүй. Жолооч нартаа хандаж хэлэхэд дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцорой гэж хэлье” хэмээсэн байна.

Тухайн жолоочийн эрхийг нэг жилийн хугацаатай хасч, 400 мянган төгрөгөөр торгохоор Зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ