Долоо хоногт болж өрнөсөн сайхан үйл явдлууд

Bataar.mn сайт нийгмийнхээ саар муугийн эсрэг нийтлэлийн бодлогоо хатуу зарчимтай байлгадаг хэдий ч, сайн сайхныг хөхүүлэн дэмжиж “7 хоногт болж өрнөсөн сайхан үйл явдал”-уудыг тоймлон хүргэдэг байсан билээ. Нийгмийн сүлжээгээр явж буй мэдээллийн дийлэнхийг сөрөг мэдээ мэдээлэл эзэлж буй энэ цагт уншигч та бүхэндээ долоо хоногт болж өнгөрсөн сайхан үйл явдлуудыг амралтын өдөрт тань зориулж онцлон хүргэж байна.

Өнгөрч буй долоо хоногт спортын салбарын хувьд сайхан үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө.

Сайхан мэдээ 1

ТАЕКВОНДОГИЙН ТИВИЙН АШТ-ЭЭС ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙ ИРЭВ

Таеквондонгийн өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын нийслэл Амман хотод энэ сарын 20-нооё 24-ний өдрүүдэд болж өнгөрсөн. Нийт 30 гаруй орны 350 тамирчин оролцсон тус тэмцээнд  манай тамирчдаас залуучуудын ангилалд эрэгтэйчүүдийн 45 кг-д тулалдсан Э.Эхо, хөвгүүдийн ангилалд ОУХМ Т.Энхжин /49 кг/ нар хүрэл медаль хүртсэн сайхан мэдээтэй эх орондоо иржээ.      

Сайхан мэдээ 2

Х.ЭНХТУЯА : ПАРА-ТАЕКВОНДОГООР ОЛИМПЫН ЭРХ АВЧ, АЗИЙН 4 УДААГИЙН АВАРГА БОЛООД ИРЛЭЭ

“Лондон-2017” пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин Х.Энхтуяа эмэгтэйчүүдийн төрөлд анх удаа дэлхийн аварга болжээ.

Паралимпийн наадмын хөтөлбөрт багтсан “Лондон-2017” пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс таеовондоч Г.Болор-Эрдэнэ гурав дахь алтан медалиа хүртэж байгаа бол Х.Энхтуяагийн хувьд монголын эмэгтэй тамирчдаас энэ спортоор анх удаа дэлхийн аварга болсон гэдгээрээ онцлогтой юм.

Сайхан мэдээ 3

ӨСВӨРИЙН ГИМНАСТИКЧИД ДАШТ-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ

 Олон улсын гимнастикийн холбооноос ОХУ-ын Москва хотноо энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулсан уран сайхны гимнастикийн өсвөр үеийн анхдугаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 62 орны баг тамирчид оролцжээ. Монголын багийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар  ОУХМ Чойдорын Отгонцэцэг, менежер - Бундын Оюун, дасгалжуулагчаар спортын мастер Мөнхбаярын Булган, Бямбасүрэнгийн Болормаа, Батболдын Халиун, шүүгчээр  ОУХМ Баатаржавын Эрдэнэзаяа нар ажилласан байна.

Тэмцээний ганцаарчилсан төрөлд Г.Энх-Үжин, Б.Номин, Э.Лхагвацэцэг, Г.Гүнчинмаа нар оролцсон бол багийн төрөлд Б.Дүүрэнбаяр, Ё.Дөлгөөндөл, Б.Номин-Эрдэнэ, Б.Мөнхжин, А.Түмэнбилэг, Г.Гүнчинмаа гэсэн тамирчид оролцсон байна. Э.Лхагвацэцэг олстой дасгалаар 62 тамирчнаас 33-р байрт бичигджээ.

Мөн Монгол гимнастикийн баг тамирчид түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 62 орны 400 гаруй тамирчдаас багийн нийлбэр дүнгээр 32 дугаар байрт шалгарсан сайхан мэдээтэй ирсэн байна.

Сайхан мэдээ 4

Спортын мастер М.Дэлгэрхүү Монгол Улсын рекордыг шинэчиллээ. 

БНСУ-ын Гванжу хотноо  Усан спортын дэлхийн аварга шалгаруулах 18 дахь тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцож буй спортын мастер М.Дэлгэрхүү 100 метрийн өврөөр даллах сэлэлтэд 54.43 секундын амжилтаар дэд байрт шалгарч, Монгол Улсын рекордыг шинэчиллээ. 

Тэмцээнд манай улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн,  спортын мастер М.Дэлгэрхүү, Х.Энхзул нар оролцож байгаа юм. ОУХМ Г.Занданбал  энэ сарын 21-нд 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд уралдаж, 1:07.92 амжилтаар мөн л Монгол Улсын рекордыг шинэчилсэн юм. Харин 100 метрийн далайн гахай сэлэлтээр спортын мастер Х.Энхзул уралдаж, 1:14.23 амжилтаар долдугаар байр эзлээд байна. 

Сайхан мэдээ 5

Таеквондогийн ази тивийн аварга шалгаруулах  тэмцээнээс Т.Энхжин, Э.Эхо нар хүрэл медал хүртжээ

Манай улсаас  10 тамирчин оролцсоноос залуучуудын ангилалд Э.Эхо -45кг жинд хүрэл медаль хүртээд байсан бол өчигдөр өсвөрийн ангилалд монголын таеквондогийн өсвөрийн шигшээ баг, БНСУ-ын Пүнсен таеквондо дунд сургуулийн сурагч ОУХМ Т.Энхжин -49кг жинд хүрэл медаль хүртлээ.

Тамирчид маань дэлхийд өрсөлдөж амжилтын богц дүүрэн байсан бол улс эх оронд маань ч гэсэн эерэг үйл явдлууд цөөнгүй болж өнгөрсөн.

Сайхан мэдээ 6

Иргэн Т.Ундармаад нэг өрөө байрны түлхүүрийг гардуулж өглөө

Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх зорилготой "ТҮМНИЙ БАЙР" төслийн эхлэл болгож "Ханан Шишгэд" ХХК-аас иргэн Т.Ундармаад НЭГ ӨРӨӨ БАЙР бэлэглэж байна. Тэрбээр багшаар ажилладаг, амьдралын боломж тааруу ч таван жил зүтгэн урьдчилгаа мөнгө хуримтлуулсан байжээ. Гэвч ипотекийн зээлийн шалгуурыг хангаж чадахгүй шалтгаанаар орон сууцанд орж чадахгүй яваа олон хүний нэг юм.

Сайхан мэдээ 7

ДҮҮРГҮҮДИЙГ ХОЛБОСОН АВТО ЗАМ АШИГЛАЛТАНД ОРСНООР ХОТЫН ТӨВИЙН ТҮГЖРЭЛ БАГАСНА

Улаанбаатар хотын төв хэсгийн зам замын ачаалал жилээс жилд нэмэгдэж буй. Тиймээс холбогдох албаныхан хотын зах орчмын доторх авто замын сүлжээг сайжруулж, хөдөлгөөний ачааллыг бууруулахаар ажиллаж буй. Тухайн ажлын хүрээнд өрнүүлж буй нэг бүтээн байгуулалт нь Чингэлтэй дүүргийн XII хорооны нутагт дахь авто замын ажил юм. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэртэй холбогдох эл 3.4 км авто замын ажлыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтс оруулахаар ажиллаж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх энэ талаар “Улаанбаатар хотын хэмжээнд авто замын бүтээн байгуулалтууд эд өрнөж байна. Түүний нэг нь Чингэлтэй дүүргийн нутаг дахь 3.4 км авто замын бүтээн байгуулалт юм. Төсөвт өртөг нь 751 сая төгрөг. Эл авто замыг ашиглалт оруулсанаар Чингэлтэй дүүргийн иргэд Сонгинохайрхан дүүрэг рүү очихдоо заавал хотын төвөөр зорчих шаардлагагүй болно. Үр дүнд нь хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөний ачаалал буурна. Налуугийн харьцаанаас хамаараад тухайн хэсэгт чулуун зам тавих юм. Энэ сараас бүтээн байгуулалтыг нь эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашид ийм сэтэлгээ хийж, авто зам тавих бүх боломжийг судалж, бүтээн байгуулалт өрнүүлнэ. Ингэхдээ замын чанарт онцгойлон анхаарна. Авто зам нэг жилийн настай, нэг бороонд урсдаг байж болохгүй. Тиймээс стандарт, чанарт нь онцгойлон анхаарч байгаа” гэв.

Үүний дараа Чингэлтэй дүүргийн нутаг, Хайлааст орчим барьж буй зам, гүүрийн ажлын явцтай танилцав. Уг зам, гүүрийн барилгыг ашиглалтад оруулснаар Чингэлтэй дүүргийн иргэд Баянзүрх дүүрэг рүү явахдаа мөн л хотын төвөөр зорчих шаардлагагүй болох юм.

Тодруулбал:Дээрх хоёр замыг ашиглалтад оруулснаар Баянзүрх дүүргийн иргэд Хайлаастын гүүрээр гарч, Чингэлтэй дүүргийн XII хорооны нутагт тавьсан замаар Сонгинохайрхан дүүрэгт очих боломжтой болно гэсэн үг. Хайлааст орчимд барьж буй зам, гүүрийн ажлын явцын талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “Уг авто зам, гүүрийн ажлыг он дамжуулан, нийслэлийн төсвөөс нийтдээ зургаан тэрбум төгрөг зарцуулан гүйцэтгэж буй. Ирэх аравдугаар сард хүлээлгэж өгнө. Гадна тойруугийн замын ажлын төлөвлөлт 2015 оноос эхлэлтэй. Цаашид хотын түгжрэлийг сааруулахын тулд дүүрэг хоорондын нийтийн тээврийн төлөвлөлт хийж байгаа. Тиймээс дүүрэг хоорондын авто замын бүтээн байгуулалтыг сайжруулах ёстой ” гэлээ.

Дашрамд сонирхуулахад, Чингэлтэй дүүрэг нь 19 хороотойгоос 13 нь гэр хороолол. Гэсэн хэдий ч дүүргийн удирдлага авто замын бүтээн байгуулалтдаа анхаарч, гэр хорооллын олонх гудамжны авто замыг сайжруулжээ. Ингэхдээ зах, худалдааны төвтэй ойр гудамжнууд болон сургууль, цэцэрлэг орчмын авто замыг түлхүү сайжруулж, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар арчилдаг болохыг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч О.Есөнтөмөр хэлэв.

Сайхан мэдээ 8

"ӨНӨР БҮЛ" ТӨВИЙН ЗАСВАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦӨӨС ГАРГАНА

2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өнөр бүл хүүхдийн төвийн барилгад гал гарсан байна. Хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдлыг хангах, амьдрах нөхцөлийг нь сайжруулах, засвар хийхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Өнөр бүл төвд 188 хүүхэд амьдарч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сайхан мэдээ 9

ЭЛЭГНИЙ B C ВИРУСНЫ ОНОШЛОГОО СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЛЭЭ

Дэлхийн хепатитийн эсрэг өдрийг жил бүрийн долдугаар сарын 27-нд ДЭМБ-ын гишүүн орнууд уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулья” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд Д.Сүхбаатарын төв талбайд энэ сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран өдөрлөг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт ХСҮТ, ХӨСҮТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ болох нийслэлийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, Мөнгөн гүүр эмнэлэг, Монос групп, Оном сан, “Монгол эм импекс” концерн зэрэг мэндийн байгууллагууд иргэдэд үзлэг оношилгоо хийж, хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд Эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг хамруулан зөвлөгөө өгч, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийсэн юм.

Ийнхүү Улс эх оронд болж өнгөрсөн сайн сайхан мэдээ мэдээллийн заримаас уншигч та бүхэндээ хүргэлээ. Сайн сайхныг  улам бүр түүчээлцгээе.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ