Хорхойтой шүд хорт хавдараас дутахгүй

                             

      Хүмүүс, өвдөхгүй л бол өөрийгөө цоо эрүүл гэж бодон эмнэлэг рүү зүглэдэггүй. Ялангуяа манайхны хувьд хавдар л биш бол амь насанд халгүй юм шиг санаж, бусад өвчнийг ойшоодоггүй хачин улс.

     Хэдхэн хоногийн өмнө 15 настай дүүгийн маань зүүн шанаа шүднээсээ болоод хавдчихав. Бид ч сүртэй юм бодолгүй хувийн эмнэлэгт очиж өнөөхийг нь зүсүүллээ. Шүднээс болоод хавдаж, бугласан тохиолдолд дотроос нь хагалчихвал зүгээр болдог гэж хэлсэн их мэдэгч эмчийн тушаалаар ингэсэн хэрэг. Гэтэл маргааш нь хавдар буух нь битгий хэл улам томорч, хүзүүг нь хамарсан байв.

Айж, гайхширсан бид Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд очтол "Мэс засалд яаралтай орох шаардлагатай. Жоохон л удсан бол авралгүй болох байлаа” гэсэн аймшигтай мэдээ дуулгав. Дүүд маань шүдний буглаа өвчин “наалдчихаж”. Түүнтэй ижил зовлонтой, нэг талын шанаа нь хавдсан өвчтөнүүдийн “хацар”-т тус эмнэлгийн Эрүү, нүүрний мэс заслын тасаг дарагдсан байлаа. Хамгийн аймаар нь тэдгээрийн олонх нь  бага насны хүүхдүүд байв.

Гурван настай болов уу гэмээр хүү “Би боолтоо хийлгэхгүй, эмч муухай төмрөөр миний шүдийг малтдаг” гэж уйлсаар мэс заслын тасгаас гарч ирэхэд ээлжээ хүлээн суусан хүүхдүүд бүгд л эмээсэн нүдээр харцгаав. Эмч “Шүдний өвчнөөс үүдэлтэй буглаа сүүлийн үед харшил, ханиад шиг ихэслээ. Ийм өвчтэй хүүхэд өдөрт хэдэн зуугаараа ирж буй ч манай эмнэлэг 19-20-ийг нь л мэс засалд оруулж амжиж байна. Эцэг, эхчүүд нь тоолгүй явсаар, хүндэрсэн хойно нь авчрах юм” хэмээн биднийг зэмлэж, шүд ямар аюултай эрхтэн болохыг хүмүүс бүрэн ойлгодоггүйг хэлэв.

Шүд өвдөх бүрт өвчин намдаах эм уусаар сүүлдээ  тэр нь үйлчилхээ ч больж, буглаа үүсдэг. Буглаа нь  хүний биеийн аль ч хэсэгт үүсэж болдог ч хамгийн аюултай нь амны хөндийнх аж. Хэрэв буглаа амны хөндийд цорго үүсгэн нээгдэж чадахгүй л бол толгой, хүзүүний аль нэг хэсэг рүү тархдаг гэнэ. Ингэж даамжирсан буглаа хүний аминд ч хүрэх аюултай байна.. Ийм үед ямар ч алтан гартай эмч, эмнэлгийн тоног төхөөрөмж байгаад нэмэргүй аж. Биеийн эсэргүүцэл сул хүмүүсийн амны хөндийд буглаа үүсэх магадлал өндөр гэдэг ч бага насныхан л золиослогдсоор байна.

Учир нь манай улсад бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчин газар авчихаад буй. Аливаа улсын хүн амын дунд шүдний өвчин хэр хэмжээнд дэлгэрсэнийг 12 настай хүүхдүүдээр тогтоодог гэнэ. Энэ насанд хүүхдийн сүүн шүд солигддог болохоор хамгийн эрүүл байдаг үе нь аж.

Шүдний өвчин бага насны хүүхдүүдийн дунд дэлгэрэхэд юу нөлөөлсөн талаар "Тана Арцат" эмнэлэгийн эмч Б.Булганчимэг хэлэхдээ “Шүдний өвчинд ихэвчлэн бага насны хүүхдүүд өртөж буй нь хоол хүнстэй холбоотой. Шүдээ эрүүл байлгахад нэгдүгээрт хоол хүнс, дараагаар амны хөндийн ариун цэвэр чухал. Өглөө, өдөр, орой, хоол, чихэр жимс идсэний дараа шүдээ 40 минутын дотор угаах ёстой байдаг. Мөн зургаан нас хүртэл хүүхдийн шүдийг том хүн угааж өгөх ёстой” гэв.

 Дээр үеийн хүмүүс амны ариун цэвэр тэр бүр сахидаггүй байсан хэрнээ эрүүл, цагаан шүдтэй байдгийн учир нь зөв хооллолт. Тэд ааруул, ээзгий хүүхдүүддээ хүлхүүлж, шүдийг нь бэхжүүлдэг байсан. Харин одоо элдэв янзын амттанаар хооллож, хатуу юм зажилуулж, идүүлэхгүй болохоор араанууд нь жам ёсоороо ургахаа больж, зовиуртай болчихсон. Мөн эрүү, нүүрний булчин нь буруу хөгжсөн хүүхдүүд их болсон.

Шүдээ хэдийд, хэрхэн угаахаа мэдэхгүй хүүхэд хэдэн зуугаараа байна. Энэ нь эцэг эхчүүдийн анхаарал халамж сул байна гэсэн үг. Чихэрлэг зүйл идсэн ч шүдээ 2-3 минут зөв, сайн угаагаад хэвшчихвэл асуудалгүй. Хөгжингүй орнуудад эцэг, эхчүүд нь хүүхдүүдийнхээ өвчтэй шүдийг сургуульд орохоос нь өмнө заавал эмчлүүлдэг аж. Энэ нь  бараг уламжлал болчихсон. Ходоодны хорт хавдараар Монгол улс тэргүүлж байгаагийн нэг шалтгаан нь амны ариун цэвэр буюу хорхойтой шүд гэдгийн эмч мэргэжилтэнүүд хэлж байна. Түүнчлэн шүдний өвчин өөр 26 өвчний эх үүсвэр болдгийг эрдэмтэд аль хэдийн баталчихаж. Тэгэхээр бидний хамгийн түрүүнд эмчлүүлэх ёстой эрхтэн бол шүд гэсэн үг. Шүд эрүүл бол Бие эрүүл.

 У.Пүрэвсүрэн                                                                                                                                                      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ