Цэцэрлэгийн цахим бүртгэлд 20,712 хүүхэд бүртгүүлжээ

Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн ирэх сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны БААСАН гарагт нийслэлийн хэмжээнд явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комис систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагагүй ба ирэх сарын 26-28-ны өдрийн хооронд цэцэрлэг дээрээ очиж гэрээгээ байгуулах аж.
Харин Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм.
Цахим бүртгэл энэ сарын 22-ны өдрөөс ирэх сарын 22-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжлэх бөгөөд цахим бүртгэлд 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар 20,712 хүүхэд бүртгэгдсэн байна.
“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалаагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн www.tsetserleg.ulaanbaatar.mn системийн “Шалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн эсэхийг шалгах боломжтой.
Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй ба эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
МЭДЭЭЛЭЛ АВАХ:
Цахим хаяг: www.tsetserleg.ulaanbaatar.mn, www.edub.edu.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ