Н.Мөнхтуяа:Бид нохой шиг бүтэн сар гаруй энд сууж байна

Багш нар Нийслэлийн Орон сууцны корпорациас “Буянт-Ухаа-2” орон сууцанд багш нарт зориулсан 200 квот өгөхийг шаардаж, жагсаал зохион байгуулж эхэлсэн. Тэд өдөр бүр шаардлагынхаа хариуг авахаар НЗДТГ-ын үүдэнд уриа лоозонгоо барин зогссоор нэг сарын нүүрийг үзсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан шаардлагын хариуг нь өгөөгүй. Мөн хүлээн авч уулзаагүй учраас өнөөдөр өглөөнөөс эхлэн тэд НЗДТГ-ын үүдэнд өлсгөлөн зарлаж эхэллээ.

Энэ талаар Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяа “Нийслэлийн удирдлагууд бидний шаардлагын хариуг ч өгөхгүй нэг сар боллоо. Сая хэлтсийн дарга Ганболд гэж хүнтэй уулзлаа. “Би асуудлыг мэдэхгүй. Цааш дамжуулья. Та нар өлсгөлөн зарлах хэрэггүй” гэсэн зөвлөмж маягийн зүйл ярьж байна. Ер нь нийслэлийн удирдлагууд иргэдээ хүлээн авч уулздаггүй, хүнд суртал гаргадаг юм байна. Бид нохой шиг бүтэн сар гаруй энд сууж байна. Энд орон гэргүй, ахмад настай багш нар цугласан. Багш нар “Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хороололд түрээсийн 200 квотыг ядарсан багш нартаа өгөөч гэсэн шаардлага тавьсан. Гэтэл биднийг төрийн албан хаагчаараа, ахмад настай нь ахмад настан гэсэн ангиллаараа бүртгүүлээрэй гэж байгаа юм. Гадуур хүмүүс мөнгө өгөөд бүртгүүлээд байна гэдэг яриа гараад байна шүү дээ” гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ