Тэрбум гаруй төгрөгийн авлига авсныхаа төлөө 40 сая төгрөгөөр торгуулжээ

Тэрбум гаруй төгрөгийн авлига авсан нь шүүхээр тогтоогдсон МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайханы албан өрөөнд  АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийж буй бичлэг цацагдаж, олны анхаарлыг ихэд татаад байгаа. Тэрбээр газрын дарга Э.Аззаяагийн хамт тэрбум гаруй төгрөгийн авлига авсан бөгөөд үүнийх нь шийтгэл болгож шүүх 40 сая төгрөгөөр торгосон аж. Энэхүү шийтгэл нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Н.Баярсайхан гэгч нь 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллагад ажилд орсон бөгөөд өмнө нь HiFi Records дэлгүүрийн эзэн байжээ. Мөн түүнийг ажиллаж байх үед МХЕГ-ын даргаар Ш.Раднаасэд ажиллаж байсан ба тэд нэг төгсөлтийнхөн гэнэ.

Н.Баярсайхан нь мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хяналт тавих ажлыг хариуцдаг хэлтсийн дарга байсан бөгөөд өндөг, мах зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүйн тулд иргэд, ААН-үүд авлига өгч, богино хугацаанд хил нэвтрэх бичиг авдаг байсныг зарим хэвлэлүүд онцолжээ. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ хүнд суртал гаргаж, хясан боогдуулах замаар авлига авч байсан нь шүүхээр тогтоогдсон байна.

Түүний авлигын хэмжээ нэг байгууллагаас хамгийн багадаа гурван сая төгрөг авдаг байсан ба авлигын мөнгийг доллар эсвэл юань байхыг шаардаж, төгрөг байгаа тохиолдолд буцаадаг байсныг мөрдөн байцаалтын явцад гэрчүүд мэдүүлжээ.

Ийн авилга авсныхаа төлөө төрийн албанд ажиллах эрхээ таван жилээр хасуулж, 40 сая төгрөгийн торгууль төлсөн түүний, авилгын мөнгийг нь нэгжлэгээр илрүүлж буй бичлэг олон нийтэд цацагдаад байгаа юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ