СИБИРИЙН ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЭХ ҮҮ, СИЙЧҮҮЛЭХ ҮҮ?

Сибирийн ойн түймэр ОХУ-ын иргэд төдийгүй хил залгаа улсын иргэдийг ч айдаст автуулаад байгаа билээ. Учир нь “Агаараар авсан зургаас харахад Сибирьт гарсан ой хээрийн түймэр манай нутгаас 700 км-ийн зайтай байгаа аж. Үүнтэй холбоотойгоор түймэр юу юугүй хилээр орж ирэх нь гэсэн айдас иргэдийн дунд бий болоод байна. Мөн түүнчлэн АНУ болон Канад зэрэг орнуудыг ч чиглээд байгаа юм. Красноярскийн хязгаараас Эрхүү, Алс дорнод хүртэл шатаж байгаа уг түймрийн хамрах хүрээ гурван сая гектар талбайд хүрсэн нь Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Түймэр аль хэдийн манай улсын хойд хэсэг болох Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт дөхсөнийг сансраас авсан зургаар харуулсан. Тэгэхээр гурван сая га талбайг хуйхалж яваа түймэр Монголд нэвтэрч болзошгүй байгаа юм. Түймрийг унтраахаар тус улсын 2785 хүн, 363 машин, 26 онгоц болон нисдэг тэрэг оролцож байгаа ч хангалтгүй байгааг Оросын Онц байдлын сайдын нэгдүгээр орлогч Александр Чуприяны мэдээлжээ.

Дэлхийд данстай том гүрний унтрааж дийлэхгүй байгаа энэ аюулт түймэр Монголд ороод ирвэл яах вэ. Манайх шиг хүн ам цөөн, жижиг улсын хувьд энэ бол маш хэцүү асуудал юм. Уг нь энэ зун манай улсын хэмжээнд ой хээрийн түймэр бүртгэгдээгүй. Оройтоогүй дээр урьдчилан анхааралдаа авсан нь зөв биш үү. Эрхүү болон Буриад улс онц байдал зарласан нь үнэхээр Монголруу нэвтэрч болзошгүйг харуулж байна.
Хүн хүч хүрэлцэхгүй байгаа энэ үед Оросын ард түмэнд туслах нь өөрийн нутаг орон, байгаль, ан амьтдыг ч давхар хамгаалж буй хэрэг болно. Иймээс аюулт түймрээс сэргийлэх тал дээр төр засаг шийдвэр гаргах нь зүйтэй юм шиг. Үүнд хамгийн түрүүнд ард түмний санаачлага л хэрэгтэй. Төрийн тэргүүн маань эзгүй байна. Төрийн түшээд нь үндсэн хууль, тойрог энээ тэрээ гээд завгүй л байгаа байх. Гэхдээ улс эх орноо том зургаар нь харж аюулаас урьдчилан сэргийлэх шийдвэр гаргахгүй бол ниргэсэн хойно нь хашхирав гэдэг нь болох вий дээ.
Л.Энхцэцэг
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ