Өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн сайхан үйл явдлууд

Bataar.mn сайт нийгмийнхээ саар муугийн эсрэг нийтлэлийн бодлогоо хатуу зарчимтай байлгадаг тиймдээ ч сайн сайхныг хөхүүлэн дэмжиж “7 хоногт болж өрнөсөн сайхан үйл явдал”-уудыг тоймлон хүргэж байгаа билээ. Нийгмийн сүлжээгээр явж буй мэдээллийн дийлэнхийг сөрөг мэдээ мэдээлэл эзэлж буй энэ цагт уншигч та бүхэндээ долоо хоногт болж өнгөрсөн сайхан үйл явдлуудыг хүргэж байна.
Өнгөрч буй долоо хоногт улс төр болон нийгмийн хүрээнд хэд хэдэн сайхан үйл явдал болж өнгөрлөө.
. 
Сайхан мэдээ 1
Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилсантай холбоотой шинэ мэдээ мэдээллүүд ар араасаа гарсан юм. Үүний нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгад Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Иохо бараалхсан явдал байлаа.
Учир нь Тэд Иохо нь 40 гаруй гишүүний хамтаар Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг Конгресст өргөн барьсан бөгөөд Конгресс дахь Америк-Монголын бүлгийн гишүүн юм. Өмнө нь хэд хэдэн удаа Монгол Улсад айлчилж, малчдын амьдрал ахуйтай танилцсан тэрбээр Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын хууль тогтоох байгууллагаар дэмжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаагаа уулзалтын үеэр хэлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Трампын багийнхантай уулзаж хуулийн төслийн хүрээнд ярилцсан байна.
Мөн хоёр орны тэргүүн нарын уулзалтаар хуулийн төслийг онцолж ярилцсан нь цаашид томоохон дэмжлэг болно гэдэгт Тэд Иохо итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний гаргаж буй хичээл зүтгэлд талархал илэрхийлж, энэхүү хууль батлагдсанаар малчин иргэдэд орлого нэмэгдэж, ноос, ноолуурын салбарт эерэг өөрчлөлт гарна гэдгийг илүү олон Конгрессын гишүүдэд хэлж өгөхийг хүссэн юм. Мөн тус улсын хууль тогтоогчдыг урьж авчирбал Монголын хөдөө аж ахуйн салбарын талаар илүү ойлголттой болж, нягт хамтран ажиллах тул харилцан айлчлалд өндөр ач холбогдол өгч, энэ асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүсчээ.
САЙХАН МЭДЭЭ 2
Мөн АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочлох үеэр тус газрын дарга Ж.Брайданстан манай ерөнхийлөгчид бараалхсан юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа Союз хөлгөөр сансарт ниссэн түүхэн үйл явдлыг дурсан ярьж, монгол эмэгтэйг сансрын нисэгчээр “NASA”-д сургах, хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Мөн одон орон, геофизикийн чиглэлээр “NASA”-тай хамтран ажиллах өргөн боломжтой тул “NASA”-гийн дарга Ж.Брайданстаныг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урив.
САЙХАН МЭДЭЭ 3
ДАШТ-ын 68 кг-д С.Батцэцэг дөрөвт бичигдэж, ДАШТ-д хэсгээ тэргүүлэн барилдахаар болжээ.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сард Казахстаны нийслэл Нур-Султан хотод болох билээ. Энэ жилийн ДАШТ-д Монголын эмэгтэй баг томоохон бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ эхлүүлсэн. Тодруулбал, өнгөрөгч зургадугаар сард болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин шууд Нур-Султаныг зорих эрхтэй болсон юм. Энэ жилийн ДАШТ-ийг зорих багт Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга С.Батцэцэг, Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа болон дэвжээндээ эргэн ирсэн Б.Оюунсүрэн нарын шилдгүүд өрсөлдөх аж. Тиймээс тамирчдын олон улсын чансаа анхаарал татаж байгаа.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/UWW/-ноос гаргасан шинэчилсэн чансаагаар манай тамирчдаас 68 кг-д С.Батцэцэг дөрөвт бичигдэж, ДАШТ-д хэсгээ тэргүүлэн барилдахаар болжээ. Чансаанд эхний дөрвөн байр эзэлсэн бөхчүүд “Нур-Султан 2019” ДАШТ-д хэсгээ тэргүүлэн барилдах бөгөөд манай эмэгтэй багаас нэг тамирчин энэ боломжийг хангасан байна. Манай бусад тамирчид жиндээ 10-17-р байрт бичигдэж байна.
2019 оны Улсын аварга болж ДАШТ-д барилдах эрх авсан тамирчдаас 57 кг-д С.Цэрэнчимэд 11, 59 кг-д Б.Шоовдор 10, 62 кг-д Э.Гантуяа 11, 65 кг-д Х.Болортуяа 17-р байрт тус тус жагссан байна.
САЙХАН МЭДЭЭ 4
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаа болон тэнд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 973 га талбайн 85 хувь нь ногоон байгууламж байх бол 183 га газарт бүтээн байгуулалт хийхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргасан байдаг. Үүнээс эхний ээлжид нийт 30 га газрыг тохижуулж байгаа юм. Ингэхдээ ихэвчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар бүтээн байгуулалат өрнүүлж буй аж.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хүрээлэнд ажиллах үеэрээ “Гэрэлт гэр” төслийн ажлын явц, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан “Экстрим спортын талбай”, иргэд, олон нийтийн хандиваар байгуулсан “Байт харваан талбай”, Маршалын гүүр орчмын тохижилтын ажлын явцтай танилцсан. Тус хүрээлэнгийнхэн цаашид ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу задгай театр, цэцгийн хүлэмж, наран шарлагын газар, хөнгөн атлетикийн талбай зэрэг иргэдэд ая тухтай, тавлаг орчин бүрдүүлэх бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөөд байгаа аж.
Гэвч эдийн засгийн үр өгөөжөө тооцоод, санхүүжилтийн асуудлаас болж хойшлох, цуцлагдах тохиолдол олон гардаг. Жилийн дөрвөн улирлын зургаа орчим сард нь ажиллаж бусад хугацаанд амралтын байдалтай байдаг нь үүнд голлох нөлөөтэй. Цаашид дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулахаар бол дулаан байр барих шаардлагатай байгаа” гэв. Мөн ямар нэгэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхэд гурвалсан гэрээ байгуулдаг тул ажил удааширдаг талаар хэлсэн.
Улаанбаатар хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг нь аялал жуулчлал.
Тиймээс нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн орчин нөхцөлийг сайжруулж, оруулах хөрөнгийг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буй. Тодруулбал, тэрбээр Богдхан уулыг дархан цаазат бүсээс гаргаж, тус хүрээлэнтэй холбосон аялал жуулчлалын бүс байгуулах боломжтой талаар хэлэв. Энэ талаараа “Хүүхэд, залуусын амарч зугаалах орчинг тус хүрээлэнгийнхэн бүрдүүлж чадаж байна.
Цаашид хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г эдийн засгийн үр өгөөжөө өгөх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь чухал. Аялал жуулчлалын том бүтээгдэхүүн болгосноор ажлын байр нэмэгдэх, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэж улс орны эдийн засагт эерэг дам нөлөө үзүүлэх боломжтой. Ингэхийн тулд гадаад, дотоодын жуулчдыг татах, тэдэнд ая тухтай, тохилог, амар тайван орчин бүрдүүлэх, дэвшилтэд санал, санаачилгууд гарган ажил хэрэг болгох хэрэгтэй. Тиймээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг хөрөнгийг буцаан олгодог болж, бүтээн байгуулалтын ажилд зориулж нийслэлийн төсвөөс жилд нэг тэрбум төгрөг төсөвт суулгадаг байх хэрэгтэй. Уг асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг авна. Мөн хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлж, бүтээн байгуулалт өрнүүлэхэд анхаарч ажиллана” гэжээ.
САЙХАН МЭДЭЭ 5
Нийгмийн даатгалын сангийн орлого 205.3 тэрбум төгрөг болж өсчээ
Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний хагас жилд 1359.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 205.3 тэрбум төгрөг, зарлага 1177.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 127.1 тэрбум төгрөгөөр тус тус өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 205.3 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 170.1 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 24.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Зарлага нь оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 127.1 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 110.8 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 11.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Энэ оны зургаадугаар сард Нийгмийн даатгалын сангийн орлого 257.8 тэрбум, зарлага 205 тэрбум болж, өмнөх сараас орлого 14.2 тэрбум төгрөгөөр, зарлага 4.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас оны эхний хагас жилд 377.3 мянган хүнд 143.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 204.9 мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 72.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 3.6 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.1 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт оны эхний зургаан сард 54.8 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1037-оор буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 8.1 тэрбум төгрөгөөр өсжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт оны эхний хагас жилд 54.8 мянган хүн хамрагдсаны 68.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.5 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 4.9 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн аж. Нийгмийн халамжийн тэтгэмжид оны эхний хагас жилд 92.2 мянган хүн хамрагдсаны 58.1 хувь нь асаргааны тэтгэмжид, 41.9 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны эхний хагас жилд 34.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 16.1 тэрбум төгрөгөөр өссөн аж.
Энэ оны зургаадугаар сард 18 хүртэлх насны 971.4 мянган хүүхдэд 110.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.
САЙХАН МЭДЭЭ 6
НИЙТ НУТГИЙН 95 ХУВЬД ЗУНШЛАГА САЙН БАЙНА
Долдугаар сар гарснаас хойш нийт нутгийн 60 орчим хувьд нь олон жилийн дунджаас ахиу хур тунадас унажээ. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 95 хувьд нь зуншлага сайн байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Харин үлдсэн таван хувь нь гандуу байна. Үүнд Баянхонгорын Богд, Шинэжинст, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Сант, Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн сум багтжээ. Мөн Дундговийн Адаацаг, Баян-жаргалан, Өлзийт, Дорноговийн Хөвсгөл, Улаанбадрах, Сайншанд, Сүхбаатарын Түвшинширээ сумын нутагт бэлчээрийн ургамал тааруу ургасан, зуншлага сайнгүй, хур тунадас багатай байгаа аж. Дашрамд дурдахад, өнгөрсөн оны мөн үед нийт нутгийн 90 хувьд зуншлага хэвийн, 10 хувь нь гантай байжээ.
САЙХАН МЭДЭЭ 7
Нийслэл хотод “Морьт эргүүл” ажиллаж байна.
Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотой голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, орчин тойрондоо хог хаяж бохирдуулах, архидан согтууран гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэл хотод “Морьт эргүүл” ажиллаж байна.
Мөн жуулчны идэвхтэй улирал эхэлсэнтэй холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг 2019 оны зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн зургаа дахь жилдээ хэрэгжүүлж байна. “Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байна.
САЙХАН МЭДЭЭ 8
Алга болсон таван настай хүүг эсэн мэнд олжээ
Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн “Түрүүний булаг” гэдэг газраас тус сумын харьяат малчин А нь тав болон дөрвөн настай хоёр хүүг дагуулж 28-ны өдөр гэрлүүгээ явуулахад хүүхдүүд замдаа төөрчээ.
”Түрүүний булаг”-аас гэр хүртэл 300 метрийн зайтай бөгөөд энэ сарын 28-ны өдрийн 18:00 цагийн орчим дөрвөн настай хүү ганцаараа явж байхад нь нутгийн хүн олж, гэрт нь хүргэж өгсөн байна.
Харин таван настай хүү "У" нь “Түрүүний булаг”-аас ээжийнхээ араас яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг тус өдрийн 21:38 цагт холбогдох албаны хүмүүс хүлээн авчээ.
Дуудлагын дагуу сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, хүүхдийн ар гэрийн нийт 23 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж.
Алга болсон таван настай хүүг долоодугаар сарын 29-ний өдөр 11:50 цагт гэрээс нь зүүн хойд зүгт зургаан километрт тус багийн “Баян-Уул” гэдэг газраас эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Улс эх оронд болж өнгөрсөн сайн сайхан үйл явдлыг тоймлон уншигч та бүхэндээ хүргэлээ. Мууг орхиж сайн сайхныг түүчээлье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ