“Шихихутаг-Их Засаг” цогцолборын шав тавилаа

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон төсөл Хэнтий аймагт бодит ажил болж эхлээд байгаа билээ. Тодруулбал  Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор зарласан. Энэ хүрээнд Бэрх хот, Батноров, Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр, Баян-Овоо, Галшар, Баянхутаг  гэсэн  сум тус бүрт түүхэн брэнд цогцолборуудыг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэснээр гадаад, дотоодын жуулчдыг  Хэнтий аймаг руу татах ач холбогдолтой хэмээн Засгийн газар, БОАЖЯ-наас үзэж дэмжин ажиллаж байгаа юм.

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх эдгээр бүтээн байгуулалтын нэг хэсэг болох Норовлин сумын төвөөс холгүй орших Уран дөш уулын энгэрт “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборыг барих бөгөөд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга С.Баясгалан болон Хэнтий аймгийн удирдлагууд,  Норовлин суманд ажиллах үеэрээ тус цогцолборын шавыг тавилаа. Уран дөш уул нь  төрийн их заргач Шихихутагийн төрсөн газар төдийгүй “Монголын нууц товчоо”, “Их Засаг” хууль зэрэг түүхэн эх сурвалжууд бичигдсэн газар хэмээн түүхэнд үлдсэн учир  уг газрыг сонгосон байна.

Энэ үеэр БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга С.Баясгалан: "Нутгийн иргэдэд ажлын байр, орлогоо нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр бий болж байна. Домгийн гуурст хүлэг морь унасан бяцхан хүүг дүрсэлсэн, оюун ухааныг билэгдсэн номын хуудас бүхий томоохон байгууламжтай энэхүү цогцолборыг Норовлин суманд бүтээн байгуулснаар нутгийн иргэдэд ажлын байр, орлогоо нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр бий болох, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой төсөл" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ