Б.Индра: Зөвшөөрөлгүй барилга барьсанаас болж замууд усанд автсан

Улаанбаатар хотод зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Энэ сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас зарим газрын айлын хашаа усанд автаж, зарим газраар ус тогтсон зэрэг 33 дуудлага нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг томилогдож, нөхцөл байдлыг хэвийн хэмжээнд оруулах чиглэлээр оруулах үйл ажиллагаа явуулжээ. Үүнтэй холбоотойгоор зөрчилтэй байсан барилга, дөрвөн ААН-ын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

 НАЗХГ-ын дэд дарга Б.Индра ярихдаа “Яармагийн замд нэлээд их ус хуримтлагдсан асуудал үүссэн. Мөн наадамчдын авто зам дээр их хэмжээний ус тогтсон. Энэ нь хоёр ААН-ийн буруутай үйлдлээс болсон байсан. Тодруулбал “Талст ширээт”  компани ерөнхий төлөвлөгөө болон холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авахгүйгээр барилгын сууриа барихдаа /АРЦАТ цогцолбор хотхоны барилга/ үерийн ус зайлуулах жалгыг хааж, барилга барьснаас үүдэн наадамчдын зам усанд автсан байна.

“Талст ширээт”  компани болон тухайн газар барилга барьсан хоёр ААН нийслэлийн авто замын хөгжлийн газартай зургаа зөвшилцсөн гэх худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан байсан. Манайхтай зөвшилцсөн зүйл огт байхгүй. Бид мэргэжлийн байгууллагатай зөвшилцөнө үү гэх утгатай бичиг өгснийг зөвшөөрсөн мэтээр худлаа ярьсан. Иргэн ААН-үүд өөрсдийнхөө эр ашгийг бус нийтийн эрх ашгийг бодооч. Авто замд зориулагдан гарч буй бүх төсөв хөрөнгө бүх иргэдийн халааснаас гардаг учраас зөвшөөрөлтэй газар барилгаа барих хэрэгтэй. Богд уулын арын хэсгийн газрыг яам олгодог. Үүнийг нийслэл олгодог болгож өөрчлөн хот төлөвлөлт дахин төлөвлөлтийг дахиж хийхгүй бол зам дээр ажлын хэсэг байгуулан яамтай холбогдож дахин төлөвлөлт хийж, ус зайлуулах сүлжээг чөлөөлөх хэрэгтэй.” Гэлээ.

Нийслэлэд жилд 700 орчим барилга баригддаг бөгөөд бүх барилга байгууламжид хоёроос доошгүй хяналт шалгалт хийж ажилладаг байна. Тиймээс “Талст ширээт”, “Хөрш цагаан”, “Амундра” гэх компаниудын барилгын ажлыг өмнө нь торгуулийн арга хэмжээ авч, зогсоож байсан байна. Мөн хуульд заасны дагуу ус дулаанаар хязгаарлах арга хэмжээг дараагийн шатанд авах ёстой аж. Тиймээс зургаадугаар сарын 24-нд УБЦТС компанид дээрх нэр бүхий компаниудын барилгатай холбоотойгоор цахилгааны хязгаарлалт хийх албан бичгийг хүргүүлсэн байна. Гэтэл уахилгааны хязгаарлалт хийгээгүйгээс дээрх нөхцөл байдал үүсчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ