Өнгөрч буй долоо хоногт болсон сайхан үйл явдлууд

Bataar.mn сайт нийгмийнхээ саар муугийн эсрэг нийтлэлийн бодлогоо хатуу зарчимтай байлгадаг тиймдээ ч сайн сайхныг хөхүүлэн дэмжиж “7 хоногт болж өрнөсөн сайхан үйл явдал”-уудыг тоймлон хүргэж байгаа билээ. Нийгмийн сүлжээгээр явж буй мэдээллийн дийлэнхийг сөрөг мэдээ мэдээлэл эзэлж буй энэ цагт уншигч та бүхэндээ долоо хоногт болж өнгөрсөн сайхан үйл явдлуудыг хүргэж байна.
Өнгөрч буй долоо хоногт улс төр болон бусад салбарын хүрээнд хэд хэдэн сайхан үйл явдал болж өнгөрлөө. Сайн сайхан үйл явдал арвин байх болтугай
Сайхан мэдээ 1
М.Мөнхгэрэл ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Болгар улсын нийслэл Софи хотноо болж буй Чөлөөт бөхийн өсвөрийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр охидын 49 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртэв. Тэрбээр өчигдөр тэгшитгэлд Румыний Юраску Патрисиаг цэвэр, хагас шигшээд Украины Амина Пономареваг 5:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд Японы Моэ Киёокад 3:4-өөр ялагдсан байна.М.Мөнхгэрэл дагах барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Европын дэд аварга ОХУ-ын Анжелина Первукинаг 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Шиа Шиаминтай хүндхэн барилдаан хийж, 6:6-гаар ялснаар чөлөөт бөхийн өсвөрийн ДАШТ-ий түүхэнд Монгол бөхчүүдийн 16 дахь медалийг эх орондоо авчирчээ.
Тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадын бөхөд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан ч энэ удаа даагаа амжилттай нэхсэн байна. М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн нэрэмжит болон “Асашёорюү Кап” өсвөрийн ОУТ-ий аварга бөгөөд нийслэлийн 122 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч юм.
Сайхан мэдээ 2:
Завьт эргүүл 27 иргэний амь насыг авран хамгаалжээ
НОБГ-ын харьяа Аврах 105 дугаар анги, цагдаагийн байгууллагатай хамтран зургаадугаар сарын 10-наас Туул гол дагуу Завьт эргүүл хийж байна. Өнөөдрийг хүртэл нийт 27 иргэний амь насыг авран хамгаалж, усанд суусан зургаан автомашиныг татан гаргажээ.
Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэл зохион байгуулж буй Завьт эргүүл ес дүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Гол усны осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэн ажиллаж байгаа бөгөөд гол, усанд осолдохоос урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сайхан мэдээ 3 :
Төгсөлтийн уулзалтаар нутгийн иргэддээ гэр олгожээ
Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1999 онд төгсөгчид 20 жилийн ойн уулзалтаараа амьдралын боломж тааруу Чандмань сумын иргэн Ч.Лхагважаргал, Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн Э.Далайбаатар нарт таван ханатай монгол гэр бэлэглэжээ.
Төгсөгчид санаачилгаараа амьдралын түвшин доогуур “Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр” зарлан хэрэгжүүлж буй бөгөөд нийгэмд тустай ажил хийсэнд нутгийн иргэд талархал дэвшүүлсэн байна.
Мөн Жаргалантын лаборатори нэгдүгээр сургуулийн 10 а, б ангийг иж бүрэн тохижуулж байснаас гадна Монголын уламжлалт сар шинийн баяраар нийслэлийн есөн дүүрэгт оршин суугаа Ховд аймгийн харьяат ахмад настанд хүндэтгэл үзүүлсэн зэрэг нийгэм, олон нийтэд чиглэсэн ажлыг санаачлан зохион байгуулж байжээ.
Цаашид ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон шинэлэг ажил санаачилж зохион байгуулахыг төгсөгчид уриалав. Жаргалант сумын ерөнхий боловсролын таван сургуулийг 1999 онд 100 гаруй сурагч төгсөж байжээ.
Сайхан мэдээ 4 :
Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан цагдаагийн ар гэрт 100 сая төгрөг олгохоор боллоо
Засгийн газраас онцгойгийн аврагч болон амиа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэрт тус тус 100 сая төгрөг олгох шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Мөн албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зориулж 100 сая төгрөг олгохоор болов. Талийгаач 2019 оны долоодугаар сарын 2-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.
Сайхан мэдээ 5 :
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барьна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөж байна. Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлах юм.
Шинэ цэнгэлдэх хүрээлэнг ХУД-ийн нутаг дэвсгэр, Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсвэл СХД-ийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг, “Монгол наадам цогцолбор” орчимд барьж 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих, холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв, санхүүгийн тооцооны хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байн
Сайхан мэдээ 6 :
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан баг ЛЕНИН оргилд гарлаа
Монгол Улсын Гавьяат тамирчин, Монголын уулчдын үндэсний холбоо /МУҮХ/-ны Мэргэжлийн зөвлөлийн дарга, Г.Өсөхбаяр, МУҮХ-ны Мэргэжлийн зөвлөлийн гишүүн, уулын спортын ОУХМ Д.Эрдэнэтогтох, МУҮХ-ны Өндөр уулын хорооны гишүүн Б.Онон нар Киргизстан, Тажикстаны хил дээр орших Ленин (7134м) оргилд амжилттай авирлаа.
Манай уулчид долдугаар сард Памирын нурууны Коммунизма (7495 м), Корженевской (7105 м) оргилуудад авирахаар Монголоос хөдөлсөн юм. Гэвч Тажикстаны Засгийн газрын эзэмшлийн цорын ганц нисдэг тэрэг эвдэрч, бааз руу очих боломжгүй болсон тул энэ авиралтаа цуцалж, Ленин оргилыг зорьжээ.
Уулчдын баг хоёр хоногийн өмнө буюу наймдугаар сарын 5-нд Памирын нурууны ЛЕНИН оргилд амжилттай авирсан талаараа мэдээллээ. Уулчдын энэ удаагийн авиралт, авиралтын өмнөх бэлтгэл сургуулилтыг "Мандар" группийн Ерөнхий захирал Б.Батмагнай, "Таван толгой" ХК ивээн тэтгэж, баг тамирчдыг дэмжжээ.
Монголын уулчид ийнхүү "Снежный барс" хөтөлбөрт амжилттай нэгдлээ.
"Снежный барс" хөтөлбөр нь хуучин ЗХУ-ын үеэс бий болсон уулчдын хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт Тянь-Шаний нуруунд Хан Тэнгэр (7010м), Жениш чокусу буюу Пик Победы (7439м), Памирын нурууны Исмоила Сомони буюу Коммунизм (7495м), Ленин (7134м), Корженевской (7105м) оргилууд багтдаг.
Эх газрын хамгийн хойд захын 7000 метрээс өндөрт өргөгдсөн эдгээр таван оргилыг эзэлсэн уулчинд "Цасны барс" цол олгодог байсан юм.
Сайхан мэдээ 7 :
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Түүхт Халхголын тулалдааны 80 жилийн ойг энэ жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “Шинэ сум” төслийг Халхголд хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халхгол сумыг шинэчлэх төслөө танилцуулж, улмаар ОХУ-ын тал санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халхгол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, 8 сая евро хандивлах болсноо мэдэгдсэнээр, газар шорооны ажил 2019 оны дөрөвдүгээр сарын 3-нд эхэлсэн юм.
“Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламж барьж байна. Ингэхдээ дэд бүтцийг буюу халуун хүйтэн ус, ариун цэврийн байгууламжийг шийдэж байгаа юм. Бүтээн байгуулалтыг “Их модун” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 120 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 200 орчим ахлагч, оффицер, нийт 500 гаруй хүн оролцож байна.
Сайхан мэдээ 8 :
Төрийн албан хаагчдыг Энэтхэг улсад сургана
Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчид сайд М.П.Сингхийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг албаны хүмүүсийн хамт өнгөрөгч дөрөвдүгээр сард хүлээн авч уулзсан билээ.
Энэхүү уулзалтаар Монгол, Энэтхэг хоёр улсын Төрийн албаны зөвлөл хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай болон Элчин сайд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргыг Энэтхэг улсад айлчлан санамж бичигт гарын үсэг зурах урилгыг өгсөн юм.
100-гаад жилийн түүхтэй БНЭУ-ын Холбооны төрийн албаны комисс нь 10 гишүүнтэй, 6 жилийн хугацаагаар хараат бусаар ажилладаг.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Бүгд Найрамдах Энэтхэг улсын төрийн албаны төв байгууллага болох Холбооны төрийн албаны комиссын үйл ажиллагаатай танилцан хоёр байгууллагын хоорондын Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтыг зохион байгуулах, шалгалтанд оролцогчидтой шууд ярилцлага хийх замаар элсүүлэх, дэвшүүлэх, сэлгэн ажиллуулах, ажилтан элсүүлэх дүрэм, журмуудыг боловсронгуй болгох, зөрчил гаргагчдад сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг хоёр орны төрийн албаны төв байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны шинэ үе шатны эхлэл болсон юм.
Сайхан мэдээ 9 :
Н.Мөнхшүр дэлхийн чансааг тэргүүлсэн анхны эмэгтэй тамирчин боллоо
Оюун ухааны спортоор Гиннесийн номонд бичигдээд буй ихэр охид Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын амжилт үргэлжилсэн хэвээр байна. Тэдний нэг, Монголын оюун ухааны академийн тамирчин, Олон улсын хэмжээний Их мастер Н.Мөнхшүр 2019 онд дэлхийн 6000 гаруй тамирчдыг чансаагаараа тэргүүллээ. Энэ нь 28 жилийн түүхтэй ой тогтоолтын спортод анх удаа эмэгтэй тамирчин чансааг тэргүүлж буй үйл явдал болж буйг Дэлхийн ой тогтоолтын холбоо сайтдаа онцолжээ.
Сайхан мэдээ 10 :
“Аравт” морин цэргийн уралдаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тэргүүллээ
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болж байгаа юм.
Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” тэмцээнд оролцож байсан бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгууллаа.
Тэмцээн хоёр өдөр, нэг шөнийн турш үргэлжилж эхний өдөр 130 км-т морь бугуйлдан түүнийгээ уналгад бэлтгэх, мориор усан болон бусад саадыг туулах, молцог элсэнд хоноглож сум, галт хэрэгслээ мориор зөөвөрлөх зэрэг даалгавар гүйцэтгэсэн юм. Харин тэмцээний хоёр дахь өдөр 7.2 км-ийн богино зайд явганаар гараанаас гарч гранат шидэх, саад туулж буудлага хийх, мориноос гранат шидэх зэрэг даалгаврыг гүйцэтгэлээ.
Хоёр гарааны нэгдсэн дүнгээр тэмцээнийг ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 120, 232, 256, 330 дугаар ангийн шилдэг офицер, ахлагчдаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тэргүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ