Өнгөрч буй долоо хоногт болсон сайхан үйл явдлууд

Bataar.mn сайт нийгмийнхээ саар муугийн эсрэг нийтлэлийн бодлогоо хатуу зарчимтай байлгадаг тиймдээ ч сайн сайхныг хөхүүлэн дэмжиж “7 хоногт болж өрнөсөн сайхан үйл явдал”-уудыг тоймлон хүргэж байгаа билээ. Нийгмийн сүлжээгээр явж буй мэдээллийн дийлэнхийг сөрөг мэдээ мэдээлэл эзэлж буй энэ цагт уншигч та бүхэндээ долоо хоногт болж өнгөрсөн сайхан үйл явдлуудыг хүргэж байна.
Өнгөрч буй долоо хоногт улс төр болон бусад салбарын хүрээнд хэд хэдэн сайхан үйл явдал болж өнгөрлөө
Сайхан мэдээ 1: Төв цэнгэлдэх хүрээлэнг нисэх яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд барихаар боллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барихаар тогтлоо. Тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг боловсруулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн зураг төслийг боловсруулах, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг судалж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгалаа. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологийн шийдэл бүхий, Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан байх ёстой гэж төлөвлөжээ.
Сайхан мэдээ 2: Дэлхийн хэмжээний наадамд Монгол тамирчид бахдам амжилт гаргалаа
БНХАУ-ын Ченгду хотноо зохион байгуулагдаж буй "Chengdu China 2019 World Police & Fire Games" Цагдаагийн болон Онцгой байдлын албан хаагчдын Дэлхийн спортын наадам өнөөдөр чөлөөт бөхийн төрлөөр үргэлжлэн явагдаж байна.
Дэлхийн наадамд чөлөөт бөхийн төрлөөр МУГТ О.Насанбурмаа тэргүүтэй нийт зургаан тамирчин оролцсоноос 4 алтан медаль, 2 мөнгөн медаль хүртэж Төрийн дууллаа эгшиглүүлж, Алтан соёмбот далбаагаа мандуулан бахдам амжилт үзүүлэв.
Тухайлбал МУГТ О.Насанбурмаа-/Төмөр Замын цагдаа/ 75кг-Алтан медаль МУГТ Г.Эрдэнэбаяр- /Баянзүрх дүүрэг 3р хэлтэс/ 86кг-Алтан медаль ОУХМ Ш.Баянмөнх- Аврагч спорт хороо/ 125кг-Алтан медаль ОУХМ Х.Нямдорж- /Аврагч спорт хороо/ 70кг-Алтан медаль ОУХМ Б.Төмөрбаатар- /Хүч спорт хороо/ 74кг-Мөнгөн медаль Аймгийн арслан Н.Ганзориг- /Эргүүл хамгаалалтын Газрын шүүх хэлтэсийн тамирчин/ 125кг-мөнгөн медаль тус тус хүртлээ.
Сайхан мэдээ 3 : Гэр хороололд 600 ширхэг соруулдаг жорлон байрлуулжээ
Нийслэлд энэ зун ихээхэн бороо хуртай зуншлага сайхан болж өнгөрч байна. Хэдийгээр бороо, хуртай зуншлага сайтай байсан боловч Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн одоогийн ашиглаж буй доторлогоогүй нүхэн жорлонгоос үүдэлтэй элдэв халдварт өвчин хөрс, усаар дамжин үер, усны дараа дэгдэх өндөр эрсдэлтэй болохыг сануулах нь зүйтэй юм.
Энэ асуудалд Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” МОН-9189 төсөл хариулт нь болж байна.
Энэхүү буцалтгүй тусламжийн төсөл 2017 оны хоёрдугаар хагасаас эхлэн 2020 оныг дуустал УБ хотын хоёр дүүргийн гурван хороонд хэрэгжиж байна.
МОН-9189 төслөөр Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд буюу Сонгинохайрхан дүүргийн 6,7 дугаар хороодод, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нийтдээ 1500 ширхэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг (САЦБ) барьж суурилуулан, хуучин доторлогоогүй нүхэн жорлонг халж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм. Ингэхдээ зөвхөн нүхэн жорлонг сайжруулсан ариун цэврийн байгууламжаар солиод орхих бус, харин хаягдлын зохистой менежментийн циклийг хийж туршин, хүний хаягдал ялгадсыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, шинэ дэвшилтэт технологи туршлагыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Сайхан мэдээ 4: УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн профессор Жеффри С.Гленн-д элэгний хорт хавдрыг эмчлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавив
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.08.12) АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Гленн болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор, хүний их эмч Я.Дагвадорж, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар элэгний өвчлөлийн тархалт болон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар товч танилцуулсан юм. Тэрбээр, “ДЭМБ-аас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх баг энэ долоо хоногт ирж байна. Клиникийн гурван судалгааны ажил эхлэхээр бэлтгэл ажлаа дуусгасан. Элэгний С вирусийн архаг халдвартай хүний тоо Улаанбаатар хотод 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 2.3 дахин буурсан. Нийт тоогоор авч үзвэл 62 орчим мянган хүн эдгэсэн байна. Харин элэгний В, Д вирусийн шинэ эмчилгээ 23 улсад хийгдэж байна. Манай улсад клиникийн эмнэл зүйн судалгааны ажил эхлэх гэж байгаа. Мөн элэгний хорт хавдрын эмчилгээний талаар өнөөдөр салбарын сайдад танилцууллаа.
Олон улсад манай улс жишиг болохуйц үзүүлэлттэй байгаа. Энэ эрчээ алдахгүй ажиллавал 2020 оны сүүлээр элэгний С вирусийн голомтыг 80-90 хувь хүртэл бууруулах боломжтой” гээдэнэ хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсэв.
Дараа нь Стэнфордын их сургуулийн профессор, Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Глен элэгний хорт хавдрын эсрэг нээсэн эмчилгээнийхээ талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр, сүүлийн 30 жилийн турш элэгний В, Д вирус, элэгний хорт хавдрыг эмчлэх талаар клиникийн судалгаа хийж байгаа аж. УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт элэгний өвчлөлийг бууруулахаар тусгасны үндсэн дээр “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын явц, үр дүн сайн байгаа” гээд Стэнфордын их сургууль болон ноён Жеффри С.Гленнтэй элэгний өвчлөл, элэгний хорт хавдрыг бууруулах, эмчлэх чиглэлээр бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Сайхан мэдээ 5: БНСУ-ын эмч нар СХД- ийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж байна
БНСУ-ын Бусан, Улаанбаатар хотуудын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар "Айр Бусан" компанийн төлөөллийг УИХ-ын гишүүн Н.Учрал 2016 оны наймдугаар сард хүлээн авч уулзан Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааг идэвхижүүлэхээр болсон байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдэд чиглэсэн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгээр дамжуулан тэдний эрүүл мэндийн орчин нөхцлийг сайжруулж амьдралын ая тухыг дээшлүүлэх ажлууд хийгдэж ирсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар Пусан эмнэлгийн холбоо, сувилагчдын холбоо, Пусаны Солонгос анагаах ухааны нийгэмлэг, Пусан эмийн холбоо, Бусаны олон улсын хамтын ажиллагааны сан, СХД-ийн засаг даргын тамгын газар хамтран энэ онд БНСУ-ын Бусан хотоос 53 эмч эмнэлгийн мэргэжилтэн Монгол улсад хүрэлцэн ирж иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна. УИХ-ын гишүүн Учралын сонгогдсон 18, 19, 23, 27, 29 зэрэг хороодын иргэдэд 2019 оны наймдугаар сарын 12,13-ний өдрүүдэд эрүүл мэндийн үнэгүй үзлэг оношилгоог хийж байна. БНСУ-ын Бусан хотоос хүрэлцэн ирсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дотор, гэмтэл засал, нүд, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан гэсэн чиглэлээр иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх юм.
Сайхах мэдээ 6: Чингэлтэй дүүрэгт 234 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно
Чингэлтэй дүүргийн Х хорооны хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд барьж буй барилга, “Дэд бүтцийн төв” төсөл болон инженерийн шугам сүлжээний ажлын бодит байдалтай танилцахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, холбогдох яам, агентлагийн төлөөллүүд газар дээр нь ажиллав.
Гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хороо, Дэнжийн мянга орчмын А хэсэгчилсэн талбай нь батлагдсан бөгөөд байршил нь 39.7 га буюу 581 нэгж талбартай юм.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 3,358 айлын 43 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга тус тус барихаар төлөвлөсөн.
Төслийн хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд барих инженерийн шугам сүлжээний ажил хийж байна. Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн X хороо Ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль орчмын хэсэгчилсэн талбайд барьж буй барилгын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажил удаашралтай байгаа аж.
Сайхан мэдээ 7:Олон Улсын энхийг сахиулагчдын тэмцээнд Ахлах ахлагч Д.Отгонжаргал тэргүүн байр эзэллээ
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж буй Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал “DANCON UNMISS 2019” олон улсын маршийн тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд 3:01 цагийн амжилтаар тэргүүн байрт шалгарчээ.
Тус тэмцээн нь 1972 оноос хойш Олон Улсын энхийг сахиулагчдын дунд тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд 40-45 хэмийн халуунд 10 кг ачаатай 25 км замыг туулдаг, тамирчдаас хурд хүч, тэсвэр хатуужлыг шаарддаг байна.
Энэ жилийн тэмцээнд дэлхийн 37 орны 352 тамирчин оролцон өрсөлдснөөс эмэгтэйчүүдийн төрөлд 28 орны 157 тамирчин оролцжээ.
Ахлах ахлагч Д.Отгонжаргал нь Онцгой байдлын байгууллагаас Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй гурав дахь эмэгтэй юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын албанаас 28 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Сайхан мэдээ 7: Б.Амингэрэл охин эдгэрч эмнэлэгээсээ гарчээ
Элэгний хатуурал гэсэн оноштой БНСУ-ын Сөүл хотноо Б.Амингэрэл охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд өнгөрсөн сард орсон билээ. Охиныг хагалгаанд ороход олон хүн сэтгэлийн шаналалтай байсан ч охин нэг сарын хугацаанд эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлээд эмнэлгээсээ гарсан тухай сайхан мэдээг түүний аав цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр “Уучлаарай хэнд ч мэдээлэл өгөхгүй, ямар ч мэдээлэл тавиагүйд үнэхээр их уучлаарай. Миний монголын сайхан сэтгэлт ард түмэн минь миний охин хагалгааны дараа маш олон хүнд үеүдийг давж маш их
Миний монголын сайхан сэтгэлт ард түмэн минь миний охин хагалгааны дараа маш олон хүнд үеүдийг давж маш их бид хоёрыг сандаргалаа. Ийм учраас бид мэдээлэл хэнд ч өгөөгүй ээ. Яг үнэнийг хэлэхэд байн байн хүүхэд муудаж дахин дахин хагалгааны өрөө рүү гүйх тэр сэтгэл зовнисон тэр хүнд өдрүүдийг зүгээр л чимээгүй залбиран өнгөрүүлэхийг хүссэн юм.
Одоо л охин минь амсхийх тэнхээтэй болж эмнэлгээсээ гарлаа. Үнэхээр баяртай байна.Одоо охин минь хоёр хоногт нэг удаа шинжилгээ хийлгэж эмчдээ үзүүлж байгаа. Ямар ч байсан айх аюулаа давсан ч цаашид гарч болзошгүй эрсдэлүүд дуусаагүй ээ. Миний амь амьдрал минь болсон бяцхан охиныг минь аварсан та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн бичжээ.
Сануулахад, охины донороор түүний аав А.Батмөнх орсон бөгөөд хагалгааны зардал болох 440 сая төгрөгийг сайхан сэтгэлт Монголын ард түмэн сэтгэлийн хандиваа өргөн бүрдүүлсэн билээ.
Сайхан мэдээ8: Улсын харцага Д.Анар хоёр өрхөд гэр өгчээ
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж улсын харцага цол хүртсэн Д.Анарын цолны мялаалга өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн Дашбалбар суманд болжээ.
Энэ үеэр Дашбалбар сумынхан нутгийнхаа хүчтэний улсын харцага цолыг нэг суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаасан байна.
Түүнчлэн улсын харцага Д.Анар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дашбалбар сумын хоёр залуу хосод өргөө цагаан гэр бэлэглэжээ.
Мууг хаяж, сайн сайхныг түүчээлье Bataar.mn сайт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ