Исландад хайлсан мөсөн голд зориулан дурсгалын самбар босгов


700 орчим жил оршиж байгаад үндсэндээ бүрэн хайлсан Ок буюу Окйекудл мөсөн голд зориулан Исландад дурсгалын самбар босгосон тухай “ВВС” агентлаг уламжиллаа.

Ёслолын арга хэмжээнд Исландын Ерөнхий сайд Катрин Якобсдоттир, Байгаль орчны сайд Гудмундур Инги Гудбрандссон, Ирландын Ерөнхийлөгч асан Мэри Робинсон нар оролцжээ. Катрин Якобсдоттирыг үг хэлсний дараа цугларагсад нэгэнтээ Ок мөсөн голын бүрхэж байсан галт уулын оройд гарч дурсгалын самбар босгожээ.

Дурсгалын самбарт, ”Хойч үеийнхэнд зориулсан захидал. Ок бол статусаа алдсан Исландын анхны мөсөн гол боллоо. Ойрын 200 жилд бусад бүх мөсөн бүрхүүлийг ийм хувь заяа хүлээх төлөвтэй. Энэхүү дурсгалын самбар юу болж буйг, юу хийх шаардлагатайг сануулж байна. Бид хийх ёстой зүйлийг хийж чадсан эсэхийг ирээдүйн та л мэднэ” гэжээ. Дурсгалын самбарын үгийн төгсгөлд даяар дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн одоогийн агууламжийн хэмжээг бичжээ.

Зуун жилийн өмнө 50 метрийн зузаан Окйекудл мөсөн гол 15 км газрыг бүрхдэг байсан бол өдгөө 15 метр зузаантай нэг хүрэхгүй км газрыг хамрах болжээ. Эрдэмтэд 2014 онд тус мөсөн голын хөдөлгөөнийг бүртгэхээ больж, үгүй болсон гэж үзсэн аж.

Н.Түвшин   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ