Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал эхэллээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал эхэллээ.
Тус форум нь бүс нутгийн орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийг гол зорилгоо болгодог бөгөөд манай улс уг үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохыг зорьж ирсэн. Форумын бага хурлыг Монголд анх удаа зохион байгуулах нь БНХАУ зэрэг Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Бага хуралд Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мун, НҮБ-ын АНДЭЗНЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана зэрэг өндөр албаны хүмүүс болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл өргөнөөр оролцохоо мэдэгджээ. Форумыг Гадаад харилцааны яам болон Бизнесийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурлын нээлтэд оролцож үг хэллээ. Тэрбээр “Зун намрын зааг дээр манай сайхан оронд ирсэн та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Улс орнуудын харилцан ойлголцол, уялдааг сайжруулах зорилготой Боао форумын хуралд Монгол Улс идэвхтэй оролцсоор ирсэн. Би өнгөрсөн онд болсон хуралд оролцсоноо өнөөдөр эргэн дурсахад сайхан байна. Монгол-БНХАУ стратегийнн түншлэлийн харилцаа тогтоосонд бид сэтгэл хангалуун байдаг.
Энэ онд оёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн ойг тохиолдуулан өндөр дээд түвшний айлчлалуудыг харилцан зохион байгууллаа. Бүс нутгийн байдал түргэн өөрчлөгдөж, эмзэг болж байна. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн зогсохоор НҮБ-аас Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-г боловсруулсан. Гэвч зарим улс хамтын ажиллагаанаас зайгаа барьж байна. Монгол Улс харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн хэмжээний асуудлыг хамтран шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй.
Хөгжлийн зам хөтөлбөрийг БНХАУ-ын “Нэг зам, нэг бүс” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх хүсэлтэй юм. Дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүд ОХУ-Монгол-БНХАУ-ын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжиж байна. Өнөөдөр та бүхнээс олон бүтээлч санал гарна гэж итгэж байна. Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах ажлаа үргэлжлүүлнэ. Манай эдийн засгийн гол тулгуур нь уул уурхайн салбар. Бид цаашид уул уурхайн бус салбарт бодлогын дэмжлэг үзүүлнэ. Инноваци, байгаль ээлтэй технологийг нутагшуулна. Та бүхэнтай хамтран ажиллах болно. Бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ