17 настай хүү барилга дээр ажиллаж байгаад амиа алджээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй барилгын дээрээс өчигдөр 17 настай эрэгтэй хүүхэд унаж, нас баржээ.
“Тайм констракшн” ХХК-ийн захиалгаар “Титан таур констракшн” ХХК, “Ти Жи К” ХХК-иудын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд талд “Сити молл” цогцолбор барилгын талбайд баригдаж байгаа цогцолбор хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас осол гарсан байна. Талийгаач өндрөөс лифтний хонгил руу унасан гэв.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгийн мэдээлснээр талийгаач Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай байсан бөгөөд тус барилгад туслах ажилтнаар ажиллаж байжээ.
Зуны амралтаар хүүхдүүд сургалтын төлбөр, хичээлийн бэлтгэлийн мөнгө олох гэж ажил хийх нь элбэг байдаг. Гэхдээ барилгын ажилд буюу хүнд нөхцөлтэй ажлын байрны орчинд насанд хүрээгүй буюу хүүхэд ажиллуулах нь эрсдэлтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ