Хүнд өвчтэй хүүхдийн эмчилгээнд 20 сая төгрөгний үнэ бүхий бал хандивлана

Дуучин Ноён Бондгор зүрхний хүнд өвчтэй Анхилуун охины аав, ээжтэй хамтарч охины эмчилгээнд төлбөрийг босгохоор хандивын аян эхлүүлжээ. Гэвч бяцхан охин хүнд өвчнөө даахгүй амиа алдсан тул аяны хүрээнд цугларсан 20 сая төгрөгийн үнэ бүхий балыг эдгэрэх боломжтой, хүнд өвчтэй хүүхдийн эмчилгээнд зориулах болсноо өнөөдөр мэдээлэв.

Анхилуун охины ээж Ариунгэрэл "Миний охин 2019 оны хоёрдугаар сарын 14-нд төрсөн. Сарын гаруйтай байхдаа зүрхний дөрвөлсөн гажиг гэх маш хүнд оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Сэхээний тасагт хэвтэн эмчлүүлэх болсон. Охин минь эмнэлэгт 74 хоног хэвтээд, эмнэлгийн тоног төхөөрөмж хангалтгүйгээс амиа алдсан. ЭХЭМҮТ-д зүрх орлуулах аппарат, CD гаргадаг өнгөт ЭХО аппарат байхгүйгээс хугацаа алдсан. Миний охин шиг оноштой 3000 хүүхэд байдаг" гэлээ.

Охины аав, ээж  эмчилгээний зардлыг босгохын тулд  Хандивын аян зарлаж, дунд сургуулиудад концерт зохион байгуулах, хэвлэл мэдээлэлд хандах зэргээр уйгагүй ажиллаж цугларсан хандиваар бал худалдан авч, тэр балаа борлуулах зэргээр мөнгийг нь өсгөхөөр ажиллаж байсан. Энэ үед охин эндсэн тул үлдсэн 17 мянган балыг хүнд өвчтэй, эдгэрэх боломжтой нэг хүүхдийн эмчилгээний зардалд хандив өргөхөөр шийдсэн байна.

Охины аав, Бид хоёр охиныхоо төлөө чадах чинээгээрээ явсан. Төр засагт хандаад нэмэргүй юм билээ, түүний оронд өөрсдөө явбал илүү дээр. Одоо хичээл орох гэж байна. сургуулиудаар ороод, учир зовлонгоо хэлээд явахад “Жаахан дүүгийнхээ төлөө явалгүй яах вэ, Ах аа, эгч ээ” гэх хөөрхөн сэтгэлтэй хүүхдүүд олон байдаг юм билээ гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ