Сургууль, цэцэрлэгүүдэд хийх шалгалтын явц 51 хувийн гүйцэтгэлтэй байна

НМХГ-аас сургууль цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хяналт шалгалтын явц байдлын талаар мэдээлэл хийж байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд боловсрол, эрүүл, ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр шалгалт хийгдэж байна. Шалгалтад нийт 190 байгуулага хамрагдана. Энэ сарын 27-ны байдлаар шалгалтын явц 51 хувийн гүйцэтгэлтэй байна.

Шалгалтаар нийт 410 зөрчил илрүүлж, газар дээр нь 120 буюу 29 хувийг арилгуулж, улсын байцаагчийн 68 заалт бүхий 16 албан шаардлагыг хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 хуулийн этгээдүүдэд торгууль ногдуулжээ.

Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга н.Гантулга “2018 онд байгуулагдсан 38, энэ онд шинээр баригдаж байгаа 43, нийтдээ 81 барилга байгууламжид хяналт шалгалтын ажлыг гүйцэтгээд байна. 154 зөрчил дутагдал илрүүлж, 140-ийг нь арилгуулсан. Барилгын тухай хуулийн барилга угсралтын ажлын гэрчилгээ аваагүй 5 аж ахуйн нэгжийн ажлыг түр хугацаагаар зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу 21 сая төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан. Зөрчлүүдээс дурдвал:

Хан-Уул дүүргийн 14-р хорооны Өлзийт хороололд 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгад ноцтой зөрчил илэрсэн учир үйл ажиллгааг нь зогсоосон. Барилгын ажлын гүйцэтгэгчийг сольсон.

Сүхбаатар дүүргийн 19-р хорооны 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга байгууламжид мөн зөрчил илэрсэн. Гүйцэтгэгчээр нь Улаанбаатар барилга компани зөвшөөрлийн гэрчилгээгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 сая төгрөгний торгуулийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон.

Чингэлтэй дүүргийн 1-р хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгатай 23-р сургуулийн өргөтгөлийн барилгад зөрчил илэрсэн тул торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах үүрэг даалгавар өгсөн.

Нйтлэг зөрчил, дутагдал илэрч байна. Барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тухайн үйлчилгээг үзүүлэх хүчин чадал, хүн хүч, дотоодын нөөц бололцоог тооцолгүйгээр зарим сургууль, цэцэрлэгүүдийн тендерийг зарлаж аж ахуйн нэгжүүдэд өгчээ. Эдгээр аж ахуйн нэгжүүд ажлаа гүйцэтгэж чадахгүй, зарим нь явцын дунадаас өөрчлөгдөж байгаа юм. Мөн төрийн байгууллагууд маань захиалагчийн хяналтыг шаардлагын хэмжээнд хүртэл хэрэгжүүлж ажиллахгүй байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ