Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д тэгш хамруулан сургана

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй адил тэгш олгох зорилгын хүрээнд БСШУС-ын сайдын 2019 оны А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д тэгш хамран сургах” журам батлагдсан.
Энэхүү журам батлагдсанаар ЕБС нь хүүхдийн ялгаатай байдал, хэрэгцээг хүндэтгэсэн уян хатан сургалтын бодлого, хөтөлбөр боловсруулах, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургалтын орчин, тохирох хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, мэдээллийн технологийг сургалтад ашиглах, хүүхдийг учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, адил тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролыг олгоно.
ЕБС-д тэгш хамран сургах боловсролыг дэмжих мэргэжлийн “Дэмжлэгийн баг" ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах сургалтын орчинг бүрдүүлж, сургууль, эцэг эх, олон нийтийн эргэх холбоог хангаж, хүүхдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулна.
“Дэмжлэгийн баг” нь ЕБС-ийн захирлын тушаалаар /сургууль дундын байж болно/ байгуулагдаж ажиллах юм.
“Дэмжлэгийн баг”-ийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь хүүхдийн хөгжих, сурах онцлогийг дэмжсэн сургалтын хөтөлбөр, шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, ерөнхий болон засан сайжруулах хичээлийн агуулгыг тодорхойлох, хүүхдийн хэрэгцээнд суурилсан ялгаатай хичээл, судлагдахууныг сонгон судлах асуудлыг сургуулийн зөвлөлд оруулах боломжийг олгох, сурах бичиг, гарын авлага, аудио, видео, брайл хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, багш, эцэг эх, асран хамгаалагчид сургалт зохион байгуулах, багшийн арга зүйг тасралтгүй хөгжүүлэх, эцэг эх, асран хамгаагчийн эерэг хандлага, нөлөөллийг дэмжих, хүүхдийн аюулгүй, саадгүй, хүндрэл бэрхшээлгүй сурч, хөгжих сургалтын орчинг бүрдүүлэн ажиллахад оршино.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ