НОСК: Маргаашаас тэнцсэн иргэдтэй гэрээ байгуулна

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр /2019.08.29/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн орон сууцны корпорци” /НОСК/ ХК-ийн дэд захирал С.Дорждэрэм “Долдугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлуулсан. Энэхүү журмынхаа дагуу долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл цахим бүртгэлийг иргэдийн дунд нээлттэй явуулсан. Ингэхдээ түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах юм.
Цахим бүртгэлд дээрх найман ангиллын түрээслээд өмчлөх, энгийн түрээс гэсэн 16 төрөл дээр нийтдээ 3558 иргэн бүртгүүлсэн. Эдгээрээс 582 иргэнд 972 айлын орон сууцны 60 хувьд ногдож байгаа. Үлдсэн 390 айлыг газар чөлөөлтөөр байр нь олгогдоно.
Орон сууцыг газраар чөлөөлөх журмыг боловсруулаад дууссан. Ирэх долоо хоногт олон нийтэд журмаа танилцуулна. 972 айлын орон сууц бэлэн болсон. Одоо ганцхан улсын комисс хүлээж авах л дутуу байгаа. Бид сонгон шалгаруулалтыг хууль хүч болон иргэдийн оролцоотойгоор шударга нээлттэй явуулж наймдугаар сарын 13-ны орой НОСК-ийн албан сайтаар дамжуулж иргэдийн эрэмбийг мэдээлсэн. Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг наймдугаар сарын 19-өөс 23-ны өдрүүдэд нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж иргэдийн материалыг хүлээж авсан.
Энэ долоо хоногт манай ажилтнууд иргэдийн цахим бүртгэлт дээрх мэдээлэл цаасаар ирсэн мэдээллүүдийг хоорондоо хэр нийцэх мэдээллийн үнэн бодит эсэхийг нэг бүрчлэн шалгасан. Маргааш /2019.08.30/орон сууцны зөвлөх комисс хуралдана. Хурлаар хоёр асуудал шийдэгдэнэ.
Нэгдүгээрт эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл нь үнэн бодит, зөрчилгүй байвал иргэдийн мэдээллийг эцэслэн баталж, цаашид НОСК-д гэрээ байгуулах, байр, давхраа сонгох зэрэг ажлууд хийгдэнэ.
Хоёрдугаарт гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн 30 айлтай гэрээ байгуулна. Маргаашаас эхлээд эрэмбийн дагуу дараагийн иргэд рүү нэг бүрчлэн ярьж мэдээлэл өгнө” гэв.
НОСК-ийн захирал Б.Сүхбаатар "НОСК-аас Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцанд орохоор шалгарсан иргэдээс материал хүлээн авах ажил өнгөрсөн долоо хоног дууслаа. Одоо шалгарсан иргэдийг бүрдүүлж өгсөн материалыг шалгах ажил хийгдэж байна. Сонгон шалгаруулалтын ажил хэвийн явагдаж байгаа" гэдгийг онцолсон юм.
Мөн "НОСК-ийн ажил хэвийн үргэлжилж байна. Манай ажилтнуудыг АТГ-аас шалгуулж байгаа талаар мэдээлэл тарж байна. Энэ бол худал мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Мөн түрээсийн орон сууцны цахим бүртгэл, гэр хорооллын иргэдийг бүртгэх маш чухал судалгаа болсон. Үүнээс нэг зүйлийг тодотгоход, 3000 орон сууц ашиглалтад орвол 70-аас дээш насны бүх ахмад байранд орох боломжтой гэдэг тооцоо гарсан" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ