Эрүүлжүүлэгдсэн оюутнуудыг сургуулийн захиргаанд мэдэгдэнэ

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг жил бүр хэрэгжүүлдэг. Энэ арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт 179 орчим ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын хяналтын камерыг ажиллагааг шалгаж, 25 зөрчил илрүүлжээ. Цагдаагийн байгууллагаас шаардлага хангахгүй камеруудыг сайжруулахыг сургуулийн захиргаанд мэдэгдсэн байна. Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөмж өгч, гэмт хэргийн гаралтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр оюутан залууст зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж эхэлжээ.
Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн “Жил бүр хичээлийн шинэ жил эхлэх үеэр гэмт хэргийн гаралт тоо өсдөг. Ялангуяа есдүгээр сард оюутан залуус баар цэнгээний газруудаар үйлчлүүлэх, гэмт хэрэг зөрчлийн хохирогч, холбогдогч болох тохиолдол бүртгэгдэх, эрүүлжүүлэх асуудал гарч байна. Аж ахуй нэгж байгууллагууд 21 нас хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илэрсэн. Иймд хичээлийн шинэ жил эхлэхэд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ. Оюутан залуус архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Тиймээс их дээд сургуулиудын нэгдүгээр курсийн оюутнуудад санамсаргүйгээр гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуул эхэлсэн. Хөдөө орон нутгийн оюутан сурагчид хулгай дээрэмд өртөх тохиолдол их. Иймд орой үдшийн цагаар харанхуй газраар ганцаараа явахгүй байхыг зөвлөе” гэлээ.
Өнгөрсөн жил хичээлийн шинэ жилийн үеэр найман оюутан эрүүлжүүлэх байрт саатуулагджээ. Ийм тохиолдолд цагдаагийн байгууллагаас сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлж байгаа аж. Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 175 цахим тоглоомын газарт зөвлөмж өгч ажиллажээ. Хичээлийн шинэ жил эхлэхэд цахим тоглоомын газрын үйл ажиллагаа идэвхэждэг тул насанд хүрээгүй хүүхдүүдийг тоглуулсан бол тухайн аж ахуй нэгжид хариуцлага тооцохыг санууллаа.
Хичээлийн шинэ жил эхлэхэд бага насны хүүхдийг тавдугаар анги төгсөх хүртэл нь эцэг эх асран хамгаалагчид нь хяналт тавьж, сургуульд нь хүргэж өгч байхыг санууллаа. Ингэснээр хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой аж. Мөн хувийн сургуулиудад school police хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул сургуулийн удирдлагуудад мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ