Уушигнаасаа уучлалт гуйх уу, уур савсуулж гэртээ суух уу

Улаанбаатарчууд жил бүрийн хүйтний улиралд утаанд дарлуулж амьдарсаар олон жилийг үджээ. Өвлийн үдэш Улаанбаатарын гудамжаар салхилна гэдэг бол өөрийгөө хордуулсантай адил. Хүн бүр битүүхэндээ утаагүй, цэвэр агаартай хотод амьдрахыг л туйлын хүснэ. Гэвч иргэдийн энэ хүсэл биеллээ олсонгүй олон жилийг ардаа орхилоо. Жил бүрийн урин дулааны улирал дуусах энэ л үед “өвөл” биш утааны улирал ирлээ дээ гэж хэлцгээдэг болсон.
Утааны улирлыг өвлийн улирал болгохоор иргэд маань ч хэд хэдэн жагсаал цуглаан хийсэн. Харамсалтай нь тэр нь үр дүн төдийлөн сайн байсангүй. Сүүлдээ өнөөх утаа нь зарим нэг УИХ-ын гишүүдийн сонгуулийн шоу болов. Гэхдээ бас төр засаг маань огт юу ч хийхгүй гараа хумхиад суусангүй. Учир нь Засгийн газар 2017 оны гуравдугаар сард “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан байдаг. Хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон юм. 60 арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох байлаа. Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна хэмээн тооцоолжээ.
Ингээд Утаа, агаарын бохирдлыг багасгах зорилгоор энэ оны тавдугаар сарын 15-наас эхэлж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрсийг оруулахыг хориглож, гэр хорооллын айл, өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасныг хэн хүнгүй л мэдэх байх. Энэ шийдвэрт ард иргэд өөр өөрийн байр сууриас, тал бүрээр хандаж байлаа.
Мөн энэ ажлын хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулсан байдаг. Учир нь, нийслэлчүүд жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэх судалгаа бий. Харин тэр хүү нүүрсний оронд сайжруулсан шахмал түлшийг хэрэглүүлснээр утаа, агаарын бохирдол 50 хувь буурах гэнэ.

Манай улсад өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 11 шахмал түлшний үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос шахмал түлш үйлдвэрлэдэг нэр бүхий 11 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, квот олгосон байдаг. Тэд түүхий нүүрсний хэрэглээг орлох сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж, худалдаанд гаргаад байгаа юм. За ашгүй ингээд энэ өвөл утаагүй сайхан Нийслэлд амьдрах нээ гэтэл. Намрын салхинд жиндсэн айлууд өнөөх сайжруулсан түлшийг нь хэрэглэж эхэлжээ. 10 айл тутмын 4 нь үгүй яахав дээ утаагүй л байвал боллоо. Уг нь нүүрс шиг чулуу үлдэхгүй зүгээр л юм гэх. Харин үлдсэн айлууд аргал шиг шаталт хурдан. Дээрээс нь ганцхан цаг л дүрэлзээд дуусчхаж байна. Одоо ийм байгаа юм чинь дөн өвлөөр яахыг ёстой мэдэхгүй байна гэсэн юм. Тэднээс ийн сонсоод. Нэлээд олон гудам явсны эцэст нэг шуудай түлш авлаа. Хэмжээ нь бараг л теннисний бөмбөгнөөс чүд том юм. Шуудай хагасыг галдаа хийлээ. Тэр дороо дүрэлзээд гараад ирлээ шүү. Гэр тэр дороо л халуун илчээр дүүрэв. Энэ илч удсангүй үнэхээр цаг орчмын дараа саарал үнс үлдсэн байлаа. Нэг иймэрхүү.
Төр засгийнхаа нэг ч гэсэн хийж буй ажлыг нь үгүйсгээд яах вэ. Чухам бодит байдлыг яахан нууж болох билээ. Ямартай ч энэ өвөл энэ тэрүүгээр нүүрс зөөж гүйх, иргэд хэд байхыг харах л үлдлээ.
Л.Энхцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ