АТГ: Авлигын мөнгөө ор, агааржуулагчийн ард нуусан гаалийн байцаагчийн бичлэгийг дэлгэлээ

АТГ-с өнөөдөр /2019.09.10/ олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Үүгээр тус албаны Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү гаалийн байцаагч нарт холбогдох 2015-2016 оны хооронд өрнөсөн үйл явдлуудын бичлэгийг дэлгэсэн юм.

Тодруулбал, БНХАУ-аас оруулж ирсэн импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулаагүй, хахуул авсан хэрэгт нэр бүхий гаалийн байцаагч шалгагдсан байна. Хяналт шалгалтын үеэр хахуульд авсан мөнгөө ор болон агааржуулагчийн ард нуух зэрэг үйлдэл гаргасан гэв. 90 тонн ачааг хяналт, шалгалтгүйгээр хилээр гаргасныхаа төлөө 4,5 сая төгрөгийн хахууль авсан зөвхөн нэг удаагийн хэрэг нь энэ аж. Хилээр орж ирсэн тэдгээр бараа нь нийт 28,2 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсныг дурьдлаа.

Т.Баярхүү, “Гаалийн байцаагч нарын энэ үйлдэл арилахгүй, одоо ч хэвээр байгаа шударга бус үйлдэл байгаа учраас үүнийг таслан зогсоохын тулд бид ажиллаж байна” гэлээ.

АТГ-с төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд тодорхой хяналтыг хэрэгжүүлж, авлига гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэн зөвлөмж, шаардлага хүргүүлдэг боловч гэмт хэрэг, зөрчил гарсаар байна гэдгийг мөн хэлэв.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ