Н.Энхбаяр: Ерөнхийлөгч саналаа татсан учраас Үндсэн хуулийн төслийг шинээр боловсруулах ёстой

    Парламентад суудалгүй намуудын төлөөлөл өнөөдөр (2019.09.10) Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж, гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн УИХ Үндсэн хуульд “гар хүрэх” эрхгүй гэсэн дүгнэлт, шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлсэн байна. Харин энэ шаардлага нь үр дүнд хүрч, Ерөнхийлөгч саналаа татаж авлаа хэмээн тэв ярив. Улмаар тэд Ерөнхийлөгч төслөө татсан учраас Үндсэн хуулийг шинээр боловсруулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Өчигдөр Ерөнхийлөгч өөрийнхөө саналыг татлаа. Энэ болохгүй байгаа зүйлээс өөрийгөө мулталж гаргах гэсэн оролдлого. УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Үүний нэгдүгээр хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхийлөгч төсөл өргөн барьсан. Хоёрдугаар хэлэлцүүлгээс эхлээд УИХ Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Хоёр төсөл хэлэлцэж болохгүй. Харин УИХ нэг л төсөл байгаа гэдэг. Тэр төсөлд нь УИХ-ын 62 гишүүн бас Ерөнхийлөгчийн санал ч бий. Гэтэл Ерөнхийлөгч саналаа татчихаар энэ төсөл бүхэлдээ нурж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч саналаа татсанаар Үндсэн хуулийн төсөл гэж байхгүй. Одоо УИХ-д хэлэлцэх төсөл байхгүй гэсэн үг. Хууль зөрчсөн утгагүй үйл ажиллагаа үүгээр дуусч байна. Харин УИХ энэ үйл ажиллагааг үргэлжлүүлбэл Үндсэн хуулийн дахин дахин зөрчинө. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө тоо, ажиллах хугацааг нэмэх гэж оролдоод тэр нь уналаа. Тэд өөрсдөө үүнийг унагаасан юм биш. Ард түмэн шүүмжилсэн учраас яаж ч чадахгүй саналаа унагааж байна.” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ