Монголд анх удаа: Огтлолцол УСК –ны урьдчилсан үзвэр

    Хаашаа л харна уу таньдаг царай. Ийм олон олны танил хүмүүсийг нэг дор цуглуулсан арга хэмжээнд ирээгүй уджээ. Интернэт, телевиз эсвэл тайз дэлгэцээс л хардаг хүмүүсээ бүгдийг нь нэг дор дэргэдээс нь харах боломж тийм ч олон биш, тийм үү? Жүжигчид, комедианууд, продюсер, киночид, влогер, блогерууд гээд л... Тиймдээ ч тэр үү сэтгэл үнэхээр өндөр байна.

    Даваа гарагийн үдээс хойш 15 цагт зарлагдсан “Огтлолцол” уран сайхны киноны урьдчилсан үзвэрт оролцохоор би Шангри-Ла төвийг зорьж ирлээ. 15 цаг дөхүүлж ирээд утсаар нь асуутал Шангри Ла төвийн 3 давхарт байрлах Чили ресторанд урьж байна.  “Анхаагийн кино” гээд аль хэдийн нэрлэгдчихсэн байгааг баталж байгаа юм шиг хамгийн түрүүнд Чили рестораны үүдэнд түүний царайг олж харлаа.  Хүмүүстэй мэндлээд ресторан руу орвол тэр чигтээ олны танил хүмүүс цугларчээ. Заримтай нь танилцаж, сайхан яриа өрнүүлэнгээ мини хуушуур, ногооны салатаар дайлуулаад авлаа.  

    Хэсэг хүлээсний дараа киногоо үзэхээр Өргөө кино театрын танхимруу орохоор дээшээ гарцгаав. Танхимын үүдэнд киноны танилцуулга болон попкорнууд бэлдэж тавьсан байх ба тэднээс нэг нэгийг авчихаад танхимруу орж суудлаа эзлэв.

    Киноны найруулагч Г.Анхбаяр, продюсер О.Мөнхтулга, Б.Наранбат нар гарч ирэн өөрсдийн уран бүтээл болон тухайн арга хэмжээний тухай эхлээд яриа хийв. Өмнө нь монгол кинонууд нэг өдөрт нээлт, улаан хивсний ёслол болон хэвлэлийнхэнтэй уулзах уулзат хийж, үзэгчид тэр ч байтугай  өөрсдөө ч киногоо анх удаа үзэж байна хэмээн ярьдаг байсан билээ. Харин энэ удаад “Огтлолцол” УСК цоо шинэ жишгийг эхлүүлэхийн тулд  энэхүү урьдчилсан үзвэрийг зохион байгуулсан ажээ. Үзэгчдэд хүрэхээс өмнө хэвлэл мэдээлэл, мэргэжлийнхэн болон кино сонирхогчдод уран бүтээлээ хүргэж, киноноос юу харуулахыг зорьсон зэргээ чөлөөтэй ярилцаж, хуваалцдаг, хэвлэл мэдээллээр дамжуулж үзэгчдэд хүрэхдээ зөв талаасаа хүрэхэд туслах чиглэл болох үүднээс энэхүү арга хэмжээг санаачилсан ажээ. Цаашид энэхүү арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж, үзэгчдэд тухайн киног үзэх эсэхт урьдчилсан дүгнэлт хийж, шүүн тунгаах боломж олгодог болоосой хэмээн хүсэж байгаа талаараа ч “Огтлолцол” киноныхон ярьсан юм. Тэдний энэ алхам Монголын кино урлагийн хөгжилд багагүй тус нэмэр болно гэдэгт би ч мөн итгэлтэй байна.  Мөн үнэхээр таалагдвал сайн дэмжээд өгөөрэй хэмээн тэд шууд шулуухан хэлээд тавьчихна лээ.

    Энэхүү “Огтлолцол” уран сайхны кино нь найруулагч Г.Анхбаярын 7 дахь бүрэн хэмжээний уран бүтээл болж гарч байгаа ба 57 жүжигчин тоглосон гэдгээрээ онцлог болж. Ийм олон жүжигчдийг нэг дор цуглуулсны учир нь кинонд 4 өөр төрлийн үйл явдал гардаг аж. Үзээд дууссаны дараа яг л 4 өөр кино үзчихэээд гарч ирж байгаа юм шиг санагдана. Тиймдээ ч тэр үү 2 цагийн турш уйдах боломж огт олгосонгүй. Нэг талаасаа энэ нь “нэгийн үнээр дөрвөн туулай буудаад” үзэгчдэд сайн хэрэг,  тийм үү?

Нисдэг хэрэг

Энэ хэсгээс би Рокит Бэй /О.Баярсайхан/ -ы жүжиглэлт, дүрдээ орсон байдал болон арваад насны гурван найзын дундах хөгжилтэй яриа, харилцааг тодтгомоор байна.

Гэрийн эзэн

Энэ хэсгийн төгсгөл үнэхээр супер байсан. Огт төсөөлөөгүй төгсгөл байсан шүү.

Бугийг дарагч

Мэргэжлийн жүжигчдийн гайхалтай уран чадвар мөн мэргэжлийнх биш ч авьяаслаг нь дэндсэн залуусын хослол.

Харих зам

Юуны өмнө дуучин АМ-С –ийн жүжиглэлтийг магтмаар байна. Бас төсөөлөөгүй байсан сонирхолтой төгсгөл чамайг хүлээж байх болно.

Эцэст нь Монгол кинонууд маань хөгжсөөр улам л үзүүштэй, сонирхолтой болж сайжирсаар, хөгжсөөр байгаад баярлаж байна. За ингээд яг ямар уран бүтээл болсныг 2019 оны 09 сарын 13 –аас эхлэн кино театруудаар гарч эхлэх “Огтлолцол” уран сайхны киног үзээд дүгнэлтээ хийгээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ