Монгол Улсын гадаад өр ДНБ-ний 220 хувьтай тэнцэж байна

Монгол Улсын Засгийн газрын урилгаар Гадаад өр ба Хүний эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски энэ сарын 02-11 өдрүүдэд манай улсад ажиллаа. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд хийсэн судалгааныхаа тайланг өнөөдөр /2019.09.11/ сэтгүүлчдэд танилцуулсан юм.

НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски Монгол Улсын гадаад өр, эдийн засгийн бодлого, дэд бүтэц, уул уурхайн төслүүдэд олгосон зээл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хүний эрхийн үүднээс авч үзжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр ДНБ-ний 220 хувьтай, Засгийн газрын гадаад өр ДНБ-ний 58.9 хувьтай тэнцэж байна. Мөн хувийн салбарын өр дотоодын нийт өрийн /ипотек, хэрэглээ, компанийн өр/ тал хувийг эзэлж байгаа бол бусад 50 хувь нь ихэвчлэн уул уурхайн корпорацуудын гадаад өр эзэлж байна.

Энэхүү өрөө төлөхийн тул Засгийн газар төсвийн бүрдүүлэлтээ хийж, хүний эрх, нийгмийн асуудлыг орхигдуулж, энэ чиглэлийн төсвийн хөрөнгийг танах үзэгдэл түгээмэл ажиглагдаж байна гэв.

Тухайлбал, өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байна.  Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь ядуу. Түүний дотор зарим бүс нутагт нийт хүн амын бараг тал хувь нь ядуурлын төвшнөөс доогуур төвшинд амьдарч байна гэдгийг тэрбээр илтгэлдээ дурдлаа.  Мөн нийгмийн салбарт өнгөрсөн арван жилд хуваарилсан төсвийн хөрөнгө  хумигдаж иржээ. Тухайлбал, боловсролын салбарт нийт төсвийн 18 хувь нь бага болон дунд сургуулийн санхүүжилтэд зарцуулагдаж байна. Харин эрүүл мэндийн салбарт 2018 онд гэхэд гэр бүл төлөвлөлтийн чиглэлийн үйл ажиллагаанд 1.8 тэрбум төлөвлөсөн нь 2010-2017 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт  бөгөөд эрүүл мэндийн салбар гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр хүн амд үзүүлэх үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах боломжгүй болсны үр дүнд үр хөндөлтийн хувь ихээхэн хэмжээгээр өссөн байгааг онцолсон юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ