Орхон аймагт таван хүүхэд хоолноос хордлого авчээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20-р сургуулийн таван сурагч гэдэс нь эвгүйрхэж эмнэлэгт ханджээ. Улмаар МХЕГ-аас сургуулийн нийт хүүхдэд тандалт судалгаа явуулахад 11 хүүхэд нэмж өвчилсөн байж болзошгүй байна.
Тус сургуулийн төвлөрсөн усан хангамжийн системд эвдэрсэн тул зөөврийн ус хэрэглэж байгаа юм. Одоогоор МХЕГ-аас хяналт, шалгалт явуулж үдийн цай, хоол, ахуйн ус, орчны дээж, арчдасыг шинжилгээнд өгч, сургуулийн байрыг халдваргүйжүүлсэн байна.
Сүүлийн өдрүүдэд сурагчдын үдийн цайг зориулалтын саванд зөөвөрлөөгүй, хоолноос дээж аваагүйгээс үүдсэн хордлогын тохиолдол хэд хэд бүртгэгдээд байгаа юм. Тухайлбал, энэ сарын 11-нд Уудам Монгол ахлах сургуулийн 22 хүүхэд хоолны хордлогод орж 17 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Мөн 84-р сургуулийн үдийн цайны таргийг зориулалтын бус саваар тараг тээвэрлэсэн ба шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер илэрсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ