Өмгөөлөгч О гэгч нь үйлчилгээний хөлсөө хар тамхиар авдаг байсан нь тогтоогджээ

Манай улсын иргэдийн дунд хар тамхины хэрэглээ хэрээс хэтэрч, аюулын харанга дэлдэж буйг сүүлийн үед гарч буй энэ төрлийн гэмт хэргээс харж болно. Ээж, охин, хүргэн зэрэг гэр бүлээрээ хар тамхи хэрэглэж донтсон хүмүүс, хар тамхины хэрэглээнээс үүдэж амьдралын гэрэл гэгээтэй талыг олж харахаа байсан, өөртөө итгэлгүй болж урам нь хугарсан оюутан хүүгийн амиа хорлолт, залуу хосууд мансуурч байгаад амиа алдсан зэрэг харамсалтай бөгөөд аймшигт мэдээлэл өдөр бүр дуулдах боллоо.

Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэгт хууль сахиулж, бусдад хуулийн үйлчилгээ үзүүлж, сурталчлах үүрэгтэй “өмгөөлөгч” хүн хар тамхины хамааралтай , донтогч байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, өмгөөлөгч О-г /40 орчим настай/2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр хар тамхины хэргээр шалгагдаж байсан үйлчлүүлэгч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Т болон Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан А нартай өөрийн машинд хар тамхи хэрэглэж байх үед нь ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчид үйлдэл дээр нь дайчлан баривчилжээ. Тэрбээр өмнө нь хулгайн гэмт хэргээр ял, шийгтгэл эдлэхийн сацуу баригдахаасаа хэдхэн сарын өмнө энэ төрлийн гэмт хэрэгт өмгөөлөл хийж байжээ. Хамгийн хачирхалтай нь төлбөрийн чадамжгүй үйлчлүүлэгчдэдээ хар тамхи авч ирэхийг санал болгодог байсан аж.

Хар тамхи хэрэглэдэг өмгөөлөгч өөрөө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох этгээдийг өмгөөлж, үйлчилгээний хөлсөө мансууруулах бодисоор төлүүлсэн нь манай улсад анх удаа тохиолдож байгаа хэрэг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ