Сайхан мэдээ уншиж, сайхан энерги аваарай

Bataar.mn сайт нийгмийнхээ саар муугийн эсрэг нийтлэлийн бодлогоо хатуу зарчимтай байлгадаг. Тиймээс сайн сайхныг хөхүүлэн дэмжиж “7 хоногт болж өрнөсөн сайхан үйл явдал”-уудыг тоймлон хүргэдэг билээ. Нийгмийн сүлжээгээр явж буй мэдээллийн дийлэнхийг сөрөг мэдээ мэдээлэл эзэлж буй энэ цагт уншигч та бүхэндээ долоо хоногт болж өрнөсөн сайхан үйл явдлуудыг хүргэсээр байна.
Өнгөрч буй долоо хоногт салбар салбарын хүрээнд сайхан үйл явдалууд өрнөлөө.
Энэ долоо хонгийн хамгийн хөөрхөн сайхан мэдээг түрүүнд хүргэе юу вэ гэхээр гэр хорооллын усны худгуудыг өнгө будгаар солонгоруулаад эхэлжээ. Creative Motion” ХХК-иас хүүхдүүдийн амьдрах орчинг илүү гэгээлэг болгож, урлагаар дамжуулан аливаад эерэгээр хандах сэтгэл зүйг бүрдүүлэх зорилготой “Солонгон бүрхүүл” нэртэй аяныг зохион байгуулж байгаа гэнэ. Энэ аяны хүрээнд нийт 15 уран бүтээлч өөрсдийн онцлогийг харуулсан бүтээлүүдээ гүний худгууд дээр зуржээ. Зургууд нь хүүхдэд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байх эерэг санаа өгөх төдийгүй хүүхдийн дотоод ертөнц рүү чиглэсэн сэдэвтэй байх бөгөөд, гэгээлэг тод өнгүүдээр хослуулан будсан нь үнэхээр нүд алдам. Монголын шилдэг стрийт артистууд нийлэн Чингэлтэй дүүргийн 128-р худаг дээр өөрсдийн зохиомжийг зурсан юм. Ийнхүү тав дахь байршилд бүтээлээ туурвиж дуусгасан уран бүтээлчид маань дахин дөрвөн худгийг өнгөлөг болгохоор ажиллаж байгаа юм. Өнгө үзэмж муутайхан худгаас өдөр болгон ус авдаг хөөрхөн хүүхдүүдэд энэхүү санаачилга маш их таалагдаж байгаа нь зураач ах эгч нарынхаа бүтээлийг нүд салгалгүй харах харцнаас нь мэдэж болох. Энэ шиг хайр дүүрэн үйл явдал олон байгаасай.
Өөр нэг сайхан мэдээ нь Мальдив улсад болсон Азийн клубүүдийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд манай улсын тамирчид амжилттай оролцоод эх орондоо иржээ.
Тус тэмцээнд Архангай “АДМ Тайхар” баг амжилттай оролцож алтан медаль хүртсэн бол “Улаанбаатар Амазонс” / эмэгтэй баг/ мөнгөн медалийн эзэд болсон байна.
Долоо хоног болгон спортын салбарт маань сайхан үйл явдлууд тасардаггүй билээ. Тэгвэл мөн Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн холбооноос Хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгууллаа. “Рио 2016” Паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд аваргын алтан медалийг хүртлээ. Түүний хувьд энэ удаа 248 кг-ыг шахаж, дэлхийн дээд амжилтыг дахин шинэчилж, эх орондоо болсон тэмцээнээс аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр өмнө нь 107 кг-ын жинд дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн юм. Мундаг тамирчиддаа амжилт хүсье.
Улс эх орны минь өнцөг булан бүрт бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдсаар байгаагийн нэг жишээ нь алслагдсан дүүрэг Багануурт 805 хүний суудалтай соёлын төвийг барих ажил юм. Багануур дүүргийн одоогийн театр нь 350 хүний суудалтай. Энэ театртаа урлаг соёлын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Гэвч 30.000 хүн амтай Багануур дүүргийн хүн амыг үзвэр үйлчилгээгээр хангахад хүрэлцээ муутай болжээ. Одоогийн Соёлын ордонд кино театр, соёл урлагийн үйл ажиллагаа, музей, Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сан ажиллаж, иргэд хөдөлмөрчдөд нэг дороос интернэтийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлж иржээ. Шинэ соёлын ордон ашиглалтад орсноор дээрх үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулж, соёлын ордноор үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн хамрах хүрээг өргөтгөн соёл урлагийн чиглэлээр хүүхэд багачуудын хөгжих төлөвшихөд нь хөрөнгө оруулалт хийж, соёл урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг өргөн хүрээнд явуулах боломж бүрдэх юм.
Налайхын зам хэцүү байна. Налайхруу яаж явах вэ? гэсэн иргэд цөөнгүй байлаа. Тэгвэл Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж буй. Бүтээн байгуулалтын хувьд замын далан, хоолой тунелийн ажлаа бүрэн дуусгаж, хучилтын ажлыг эхлүүлжээ. Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгаж, хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээх юм байна. Удахгүй сайхан замаар, санаа амар явхан дээ.
Амралтын өдрүүдийг та гэр бүлдээ зориулаарай учир нь ахин нэг сайхан үйл явдал болох гэнэ. Монголын есөн гайхамшгийн нэг Хонгорын элсийг дотоод, гадаадын аялагчдад сурталчлан таниулж, орон нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдын тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалын хугацааг уртасган нутгийн иргэдийн бизнесийг дэмжих, ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "Элсэн манхны баяр"-ыг хийдэг. Уг баярын үеэр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд: Аймгийн аварга шалгаруулах элсний волейбол, Элсэн манхны оргил булаалдах тэмцээн, Говь марафон, Авто болон мото уралдаан, Элсний сумо бөхийн барилдаан, Элсэн урлалын баримал, "Алтан элс” үдшийн шоу болох юм байна.
Нийгэмд саар муу мэдээлэл олон байгаа ч. Ирээдүй болсон залуус минь болж бүтэж байгаа зүйлийг нь нэн түрүүнд олж харж, дэмждэг, дуурайдаг, үлгэрлэдэг байгаасай хэмээн хүсч энэхүү мэдээг бэлтгэв:
www.Bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ