Хотын ус хор болжээ

    Нийслэлчүүд цэвэр ус хэрэглэж чадаж байна уу.  Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотынхны толгойны өвчин бол агаарын бохирдол.  Үүнтэй зэрэгцэн ундны усны чанарын асуудал аюултай байдалд хүрчээ.Гэр хороолол, орон сууц гээд аль аль нь ундны усны асуудалтай. Ер ундны усны асуудал нийслэлд амьдардаг хүн бүхэнд хамаатай сэдэв.  Гэр хорооллын ил задгай бие засах газар, бохир усны нүх, хог хаягдал, арьс ширний үйлдвэрүүдээс гарч байгаа бохир ус  зэргээс болж хотын ус хор болсныг эрдэмтэд тогтоожээ.

    Өнгөрөгч хоёрдугаар сард Зайсан дахь KFC түргэн хоолны салбараас цөөнгүй хүн хордсон асуудлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар ундны устай холбож тайлбарлаж байсан. Тодруулбал, KFC түргэн хоолны газрын усаа авдаг гүний худгаас дээж авч шинжлэхэд нянгийн бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр, химийн үзүүлэлтээр нитритийн бохирдолтой гарсан тухай улсын байцаагчид мэдээлж байв.

    Гэр хорооллын нүхэн жорлон, угаадас газрын гүний усыг бохирлож, хорт хавдраар өвчлөх гол үндэс болж байгаа талаар АНУ-ын эрдэмтэн Марк Гольц анхааруулж байна. Тэрбээр Монголчууд ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрт, нас баралтаар нэгд бичигдэж байна. Энэ бол ундны усандаа анхаарах цаг болсны дохио юм гэжээ. 

   Мөн Улаанбаатар хотод нийт хүн амын 40 гаруй хувь нь амьдардаг. Нийслэлчүүд 100 хувь газар доорх усаа шууд ашигладаг учраас ундны усны аюулгүй байдал маш чухал асуудал. Нийслэлд ойролцоогоор 750 орчим  ус түгээх худаг ажилладаг. Эдгээрийн 300 орчим нь төвийн шугамд холбогдсон бөгөөд картаар усаа түгээдэг бол үлдсэн 450 орчим нь дэд бүтэцгүй зөөврөөр ундны ус түгээдэг аж. Тэрээр  гэр хорооллын иргэд зөвшөөрөлгүй хувийн гүний худаг гаргачихаад яг хажуухан талд нь нүхэн жорлон ухчихдаг. Тэр нүхэн жорлонгийн бохирдол хөрсөөр нэвчиж, газрын усанд шингэснээр ундны усыг бохирдуулдаг аж.  Өнөөдөр бидний ундны усаа авч буй долоон эх үүсвэр байдаг. Эх үүсвэр нь голынхоо хөндийд байрладаг аж. Гэтэл хамгийн их хөрсний бохирдолтой гэр хороолол нь өндөрлөг газарт байршдаг. Хотын хөрсний бохирдол өндрөөс нам газар руу нэвчин шингэж, ундны ус руу орон янз бүрийн халдварт өвчин тусах магадлалтай аж.

У.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ