Хуульчид УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар АТГ-т хандлаа

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар хуульч Д.Хишигбаяр болон Н.Бямбадорж нар өнөөдөр /2019.09.16/ Авлигатай тэмцэх газарт өргөдөл өглөө.
Хуульч н.Бямбадорж “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголбанк болоод “Монполимент” ХХК-тай холбоотой асуудлууд ихээхэн яригдлаа. Өөрөөр хэлбэл, “Монполимент” ХХК нь Монголбанктай 2003, 2005, 2006 оны нэгдүгээр сард арилжааны ерөнхий гэрээ байгуулсан байдаг. Мөн 2007 онд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарч алт олборлогч компаниудтай байгуулсан арилжааны гэрээг дуусгавар болгосон. Тэгсэн мөртлөө 2006 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр “Монполимент” ХХК-тай байгуулсан арилжааны гэрээг дахин сунгасан байгаа юм. “Монполимент” ХХК нь Монголбанкинд буюу монгол төрд төлөх ёстой 10.6 тэрбум төгрөгөө төлөөгүй гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой асуудлаар Монголбанк Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Дээрх гомдолтой холбоотойгоор “Монполимент” ХХК-аас 2016 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.2.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
Улмаар 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 230 дугаартай шийдвэр гаргажээ. Шийдвэрийн товч нь, Монголбанк /Улсын төв банк/ Ц.Гарамжавын "Монполимент” ХХК-иас 10 тэрбум 615 сая 924 төгрөг 551 мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрээр Монполимент ХХК-д арван тэрбум төгрөгийн төлбөр төлөх нь зүйтэй гэсэн тул Монголбанк болзошгүй алдагдлын нөөц сангаасаа хааж, Ерөнхийлөгч нь тэнцлийн гадуур бүртгэх гүйлгээ хийх үүргийг ажилтнууддаа өгсөн нь шударга бус байгаа юм.
Хоёр асуудал их анхаарал татаж байна. Монголбанк яагаад хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа гомдол гаргах болов. Нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байхад Монголбанкны эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь яагаад давж заалдаагүй вэ гэдэг асуудал эргэлзээтэй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гомдол гаргаж байгаа нь Монголбанкны нэр бүхий албан тушаалтнууд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгуулахаар өнөөдөр АТГ-т хандаад байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ