Сибирээс Монголд дүрвэсэн баавгай 30 гаруй бог мал иджээ

ОХУ-д гарсан ой хээрийн түймрээс үүдэн Сибирийн хар баавгай олноороо Монголын хил даван орж ирж, суурин газруудаар үзэгдэх болжээ.

Тодруулбал, дүрвэсэн баавгайнууд манай улсын хойд хил болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт олноор үзэгдэх болсон бөгөөд сүүлд айлын хоттой хонь руу дайрсан тухай мэдээлэл цацагдаад байна.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын засаг дарга Ц.Пүрэвдорж “Манай сумын нутагт долоодугаар сарын 29-өөс эхлэн баавгайнууд үзэгдэх болсон. Цагдаа, байгаль орчны байцаагчид болон байгаль хамгаалагч нар ээлж гарган баавгайг үргээх арга хэмжээ авч байна. Дайчилгаанд нутгийн иргэд мөн хамрагдаж байгаа. Эдгээр баавгайнууд ойролцоогоор 30 км тутамд ганц нэрээрээ явах болсон бөгөөд Хөцөө, Жалга гэх газруудаар хамгийн их орж ирдэг. Одоогоор яг хэдэн тоо толгой баавгай орж ирснийг мэдэх боломжгүй байна” гэлээ.

Өнгөрөгч долоодугаар сарын сүүлчээр хар баавгай айлын хоттой хонь руу дайрсан анхны тохиолдол гарсан бөгөөд түүнээс хойш шөнө оройн цагаар хонь мал барьсан, зуслангийн байшинд хадгалсан ааруул, өрөм идсэн тохиолдол гурван удаа гарчээ.

Одоогоор хүн рүү дайрсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд орон нутгийн удирдлагуудын зүгээс иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сануулж байгаа юм. Түүнчлэн айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Ийнхүү олноор үзэгдэх болсон дүрвэгч баавгайн асуудлаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт мэдэгдэж дээрээс ирсэн тушаалын дагуу үргээлгэ хийж байгаа гэдгийг нутгийн захиргаанаас мэдээлээд байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ