Хээрийн судалгааны баг 27 зүйлийн 558 шувууг бөгжилжээ


    Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь шувуу бөгжлөх суурингийнхан Ганга нуурын орчимд өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 8-н хүртэл хээрийн судалгаа хийжээ. Тэд дээрх хугацаанд 27 зүйлийн 558 шувуу барьж, бөгжилсөн байна. Ингэхдээ өдөрт дунджаар 65, зарим үед 124 шувуу бөгжилснийг МУИС-ийн Экологи, байгаль хамгааллын тэнхимийн багш О.Адъяа онцлов.

Борлог (120), бүхт (119), умардын дууч шувуу (105), тарчигна зэржигнэ (102), хурган намнаа (72) зэрэг зүйл нь нийт бодгалийн 88 хувийг эзэлжээ. Харин тольт дунхай, халиун хөөндэй, их алаг тоншуул зэргээс тус бүр нэгийг барьсан байна. Мөн тарчигна зэржигнэ зүйлийн шувуу урьд жилүүдийнхээс олон баригдсан нь манайд үрждэг байх магадлалтайг судлаачид онцоллоо. Түүнчлэн шар элэгт хөмрөг, их алаг тоншуул зэрэг өмнө барьж байгаагүй зүйлийн шувууг бөгжилсөн нь онцлог юм. Энэ нь Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баянзагийн зүүн хойно орших Молцог элс орчимд үрждэг боршувуутны багийн цөөн зүйлийн нэг аж.

Сонирхуулахад, шувуу бөгжилснөөр нүүдлийн зам болон үржлийн бүс нутгийг нь тодорхойлж, хамгаалах зэрэг ач холбогдолтой.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ