Н.Өнөрцэцэг: Би асуух эрхээсээ ухрахгүй

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр /2019.09.18/ Монголбанкны Эрсдлийн сангаас “Монполимет” ХХК-ийн 10 тэрбум өрийг дарсан асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг нарыг нээлттэйгээр мэдээлэл өгөх хэвлэлийн хурал зохион байгуулахаар болсон.

Хэвлэлийн хуралд Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг ирсэн  хэдий ч УИХ-ын гишүүн Ц.Гарамжав оролцоогүй юм. Мэдээллийн үеэр Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг “Баримт өөрөө ярьдаг юм байна.Ц.Гарамжав гишүүний “Монполмет” ХХК-ийн өрийг Монголбанкны Эрсдлийн сангаас хаасан баримт нь нээлттэй байгаа. Энэ асуудлаар Монголбанк мэдээлэл өгөх ёстой. Бид холбогдсон ч хэвлэлийн төлөөлөгч нар нь  утсаа авахгүй байгаа. Удахгүй Мөнгөний бодлогыг УИХ-аар хэлэлцэх учраас Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баярсайханаас би асууна гэж бодож байгаа.

Том намтай, пиар багтай, мөнгөтэй, уул уурхайтай хүний өмнөөс ганц  сэтгүүлч үзэж байгаа. Сошиал доромжлолууд их ирж байгаа ч би үүнийг даваад гарна. Сэтгүүлчид ийм асуудлуудад битгий ухарч няцаж байгаасай гэж би хүсч байгаа. Хууль хяналтынхан баримт нь ийм тодорхой асуудлыг шалгаасай гэж хүсч байна. Би асуух эрхээсээ ухрахгүй ” гэсэн юм.

Хэвлэлийн хурлын үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “МСНЭ сэтгүүлчээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээ хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ажиллана. Хамтран ажиллах бичиг явуулсных нь төлөө сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шантаажчин гэж хэлж болохгүй. Одоо сайтын холбоо бас ажиллах хэрэгтэй байна. Сэтгүүлчээ хамгаалахын тулд нэн түрүүнд эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Хэн ч хамгаалахгүй байхад үнэний төлөө зогсоход хэцүү байдаг. Зариг.мн сайтыг хаасан асуудлаар, нүүр хуудаснаас Н.Өнөрцэцэгийг доромжилж байгаа асуудлаар бид цагдаагийн байгууллагад хандана” гэсэн юм.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ