Сүхбаатарын талбай: Иргэний үнэмлэхээ захиалахаар ирсэн иргэд буцаж байна

Монгол Улсын Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулхаар болсон. Тус өдөрлөг өнөөдөр үргэлжилж буй юм. Хаяж гээгдүүлсэн болон шинээр захиалах иргэдийн иргэний үнэмлэхийг дөрвөн цагийн дотор үнэгүй гаргаж үйлчилнэ гэсэн мэдээлэлтэйгээр ирсэн иргэд Улсын бүртгэл гэсэн асрын өмнө олноороо цуглажээ. Өглөө 6 цаг 30 минутад ирээд одоог хүртэл орж чадаагүй хүмүүс ч цөөнгүй байлаа. Чингэлтэй дүүргийн иргэн Г.Энхчимэг “Би өглөө 8 цагт ирсэн. Намайг ирэхэд оочир арай л гайгүй байсан. Одоо бол эмх замбараагүй юм болоод байна. 18300 төгрөг тушаа гэсэн. Тушаах нь зөв. Энэ чинь иргэний үнэмлэхийн мөнгө шүү дээ. Тэгээд банканд тушаачхаад буцаад ирсэн чинь миний өмнө 160 хүн болчихсон. Тэгээд арай л гэж нэг юм оочирлож зогссоор байгаад очиход та торгуультай байна. Торгуулиа төлчихөөд ир гэх юм. Тэгээд Улаанбаатар банк дээр очсон чинь манайх торгууль хүлээж авахгүй гэсэн. Анхнаасаа мэдээллээ сайн өгөхгүй болохоор энэ олон хүн ахин дахин нааш цаашин явсаар байгаад би одоо 300 гаруй хүний дараа орох болчихоод зогсож байна. Уг нь нэг дороос бүх асуудлаа шийдэх боломжтой юм уу гэж бодож ирсэн юм. Ингэж байхаар энгийн өдрүүдэд дүүрэг дээрээ хөөцөлдөөд авсан нь хамаагүй дээр юм байна. Ямар ч зохион байгуулалт алга” гэв.
Энэ талаар Улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Н.Наранцэцэг “Манай байгууллага өнөөдөр иргэддээ зориулж, иргэний гадаад паспорт болон хаяж гээгдүүлсэн, шинээр захиалж буй иргэдийн иргэний үнэмлэхийг олгох үйлчилгээг үзүүлж байна. Иргэдийн дийлэнх нь иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн хүмүүс байна. Нээлттэй өдөрлөг гээд иргэний үнэмлэх үнэгүй олгоно гэсэн зүйлийг манай байгууллагаас хэлээгүй. Бүртгэлийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн. Мэдээж бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байгаа учраас тодорхой хэмжээний хураамж авна. Хаясан, гээсэн тохиолдолд тухайн иргэн зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулиа төлөх л ёстой” гэсэн тайлбарыг өглөө.
Зөвхөн иргэний үнэмлэх захиалахаар Сүхбаатарын талбайд ирсэн иргэдийн тоо ойролцоогоор 600-д хүрээд байна.
Л.Энхцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ