Архидахаар очдог газар нь "Амралтын газар" болов уу
Дэлхийн олон улс орнуудаас Монгол орныг зорин ирэх бүхий л жуулчид, бизнесийн төлөөлөгчдийн ямар сэтгэгдэлтэй үлдэх нь нисэх буудлаас гараад дараагийн зогсоол болох зочид буудал болон амралтын газрын үйлчилгээнээс шууд хамаардаг гэж хэлж болно. Монгол оронд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед энэ чиглэлийн бизнес эрхлэгч байгууллага, ажилчдын тоо нэмэгдэж олон зочид буудал, жуулчны баазууд ч шинээр нэмэгдсээр байгаа.
Тэр дундаа хотын ойр орчимд байгаа том жижиг зочид буудлууд жуулчдын сургаар хөл хөдөлгөөн тасардаггүй аж. Харин зочид буудал гэсэн нэр л байхаас биш, ариун цэвэр үйлчилгээний хувьд үнэхээр муу гэдгийг хэдхэн хонгийн өмнөх шалгалтаар илрүүлжээ
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 400 гаруй зочид буудал үйл ажиллагаа явуулж байна. Үүний тал хувь нь дэн буудал байдаг аж. Шалгалтад 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж, ахуй нэгж хамрагджээ. Эдгээр аж, ахуй нэгжээс шалгалтын явцад 393 зөрчил илэрч, 28,6 сая төгрөгийн мөнгөн торгууль оногдуулсан байна.
“Зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналт хуудас”-аар үнэлгээ өгөхөд 8 буюу 6,2 хувь их, 92 буюу 71,3 хувь дунд, 29 буюу 22,5 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл зочид буудлын үйл ажиллагаа эрхэлж буй 129 аж ахуй нэгжээс зөвхөн 5 нь л тавигдаж буй шаардлага хангаж байгаа юм. Үлдсэн 124 буудал хангалтгүй ажиллаж байгаа гэсэн үг. Ийм байдалтай байхад ирсэн жуулчид нь ямархуу сэтгэгдэлтэй буцах бол.
Харин чанарын шаардлага хангахгүй байгаа нь зөвхөн зочид буудлууд биш хотоос зайдуухан байрлах амралтын газрууд ч иргэдээ, жуулчидаа, чанартай цэвэрхэн орчинд хүлээж авж чадаж байгаа болуу. Саяхан гэр бүлээрээ хотоос гарч агаар салхинд гараад амраад ирэх зорилготойгоор “Санзай” амралтын газрыг зорьж очин үйлчлүүлсэн юм. Гэрт ороход өөдөөс хөлс, шивэр, тамхи, шар айрагны эхүүн муухай үнэр мэдрэгдэнэ.. Орон дээр нь суухын аргагүй. Орны бүтээлэг, хөнжил, гудас нь хир даг болсон, угаагаагүй өнө удаан жил болсон ба, араар нь дүүрэн хог, хэрэглээд хаясан бэлгэвч хүртэл харагдана. Хана туурга нь тоос шороондоо дарагдсан, гэрэл гэгээ ч байхгүй ийм нөхцөл биднийг угтлаа. Юун дотор нь орж суугаад, сайхан тухтай ярилцах. Үүдээр нь ороод дотор муухайрч бөөлжис цутгамаар. Арай дэндүү байгааг нь хэлэхэээр “ Яараад сайн цэвэрлэж чадаагүй” гээд жишим ч үгүй байсан. Байдал ийм л байна.
Хотын төвд ойрхон байгаа амралтын газрууд зүгээр л нэг хэдэн хүмүүсийн архидахаар очиж байдаг газар болчихсон байна. Энэ бол наад захын л жишээ. Цаашлаад маш олон амралтын газрууд иймэрхүү л байдалтай байдаг гэдэгт санал зөрөлдөхгүй байна.
У.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ