Гудамжинд дуулдаг "Гурван найз" гайхшруулж байна

   Өндөр хөгжилтэй орнуудад гудамжинд дуулах, гудамжны соёлыг хөгжүүлэх гэдэг нь энгийн л үзэгдэл болсон....

    Харин манай улсын хувьд энэ нь бараг л хачин жигтэй, сонин зүйл мэтээр хүлээж авдаг. Тэгвэл саяхнаас Улсын их дэлгүүрийн урд гурван залуу гудамжинд дуулдаг болсон нь олны таашаалд хүрээд байна. Тэдний сонсголонтой, дуу хөгжмийн хажуугаар зогсохгүй өнгөрөх хүн ховор. Сонирхлоороо нэгдсэн гурван найз энд гурван долоо хоногийн өмнөөс дуулах болжээ. Залуусын хоёр нь ШУТИС-д суралцдаг бол нэг нь СУИС-ын оюутан гэнэ.

    Англи, Монгол дууг тунчиг эвлэгхэн дуулах ШУТИС-ын мэдээлэл технологийн ангийн төгсөх курсийн оюутан Т.Төгөлдрөөс яагаад ингэж дуулах болсон тухай асуухад “Монголд энэ төрлийн зүйл хийдэг хүмүүс цөөхөн. Харин гадаадын орнуудад гудамжинд дуулах гэдэг бол энгийн л үзэгдэл. Тийм учраас бид найзуудаараа нийлж гудамжинд дуулж, гудамжны соёлыг бага ч гэсэн хөгжүүлж, зүгээр л биенийхээ хажуугаар зөрөөд өнгөрөх биш халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх гэсэн зорилготой юм. Бид өмнө нь цэцэрлэгт хүрээлэнд хоббигоороо үнэ төлбөргүй дуулдаг байсан. Тэгээд ар гэрээсээ мөнгө нэхэхийн оронд, өөрсдийн боломж бололцоогоо ашиглаад, нийгэмд ч зөв үлгэр дуурайлал үзүүлье гэсэн бодлоор гитарынхаа хайрцгийг тавиад, дуулж байна. Гэхдээ энэ нь хүмүүсээс зүгээр л мөнгө гуйж буй зүйл огт биш. Бидний дуулахыг сонсоод хүмүүс өөрсдөө л сэтгэлээрээ мөнгө хийдэг. Хамгийн гоё нь жоохон хүүхдүүдээс эхлээд, бүр боломжгүй хүмүүс ч  хүртэл гүйж ирээд л амжилт хүсээд 100 төгрөг хийдэг.Хажууд ирээд бүжиглэдэг гээд л. Хэн ч хэнийг ч ялгаж харьцахгүй тийм гоё мэдрэмжийг авдаг” гэсэн юм. 

Тэд Монголын хамгийн том дууны шоу “Voce of Mongolia”-д оролцохоор төлөвлөж байгаа гэнэ. Мундаг залуустаа амжилт хүсье.

Л.Энхцэцэг



СЭТГЭГДЭЛ БИЧИХ