Сонсолгүй иргэдийн олон улсын өдөр тохиож байна

Сонсголгүй иргэдийн дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.

Сонсголгүй иргэдийн Дэлхийн холбоо (WFD)-ны анхны Конгресс 1951 оны есдүгээр сард Италийн Ром хотноо чуулж байсан юм. Тэр үеэр тооцон жил бүрийн есдүгээр сарын сүүлийн өдрүүдийг Олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоног болгон 1958 оноос эхлэн тэмдэглэдэг болсон түүхтэй.

Энэ өдрийг манай улс 2009 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм. Олон улсын сонсголгүй иргэдийн өдрүүдийг тухайн жилд Дэлхийн Дүлий иргэдийн нийгэмлэгээс зарласан сэдвийн дагуу тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнгөрсөн хугацаанд “Сонсголгүй иргэдийн соёлын өдрүүд”, “Дохионы хэл-бидний харилцах эрх”, “Хүртээмжтэй боловсрол-Хос хэл”, “Эрх тэгш оролцоо” зэрэг сэдвээр тэмдэглэж ирсэн байна.

Дээрх сэдвийн хүрээнд энэ өдрүүдэд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцож, баялаг бүтээгч иргэн байх эрх зүйг хөндөн хэлэлцдэг. Мөн дохионы хэлийг сонсголгүй хүний харилцааны албан ёсны хэл болохыг хүлээн зөвшөөрөх, дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээг хуульчлах талаар улс бүрт болон олон улсын хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэдэг.

Манай улсад Үндэсний статистикийн хорооны судалгаагаар нийт 101.200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс улсын хэмжээнд 8406 сонсголгүй иргэн байгаагийн 0-17 насны 791 хүүхэд байна.

Олон улсын өдрөөр дэлхийн орнуудад сонсголгүй иргэдийн урлаг соёлын үйл ажиллагаа өрнөдөг. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпын наадмыг хүртэл зохион явуулдаг. Тус олимпын наадмыг deafympics гэж нэрлэдэг байна. Манай улсад энэ өдөр урлаг соёлын авъяаснуудын тоглолт, “Дифлимпын тамирчдын алдар” нөхөрсөг уулзалтууд, өдөрлөгийг зохион байгуулдаг юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ