Төв аймагт хүний амь эрсдэж, цагдаагийн ажилтнуудыг шалгаж эхэллээ

    Төв аймгийн Угтаалцайдам суманд өчигдөр /2019.09.23/ орой аймгийн цагдаагийн хоёр албан хаагч, Э нарын хоорондын маргааны улмаас тухайн иргэн амиа алдсан гэмт хэрэг гарчээ. "Ёл тариа ХХК"-ийн захирал Э-г Угтаалцайдам сумаас цагдаагийн автомашиндаа суулган Атарын сангийн аж ахуй /Баянхангай сум/ руу согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явах замдаа маргалдсаны улмаас Г-ийн бие муудаж, эмнэлэгт хүргэсэн байна.

    Цагдаагийн алба хаагч болон талийгаачтай хамт явсан 14 настай хүүгийн тайлбараар “Цагдаа нар талийгаачийг зодсон. Баашилж байна гээд ус цацаад байсан” гэх мэдээллийг өгсөн байна. Хэргийг Цагдаагийн ерөнхий газар шалгаж байгаа бөгөөд талийгаачийн цогцост шинжилгээ хийж байгаа ажээ. Талийгаачийн ар гэрийнхэн нь цагдаагийн албан хаагчид түүний амь насанд халдлаа гэж мэдэгдэж байгаа юм. Талийгаач нь 61 настай, хуваариа бизнес эрхэлдэг нэгэн байжээ.

    Энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвөөс албан ёсны мэдээлэл өглөө. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Тухайн өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын ахлах мөрдөгч,  цагдаатайгаа ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн 14 настай хүүгээс тайлбар мэдүүлэг аваад явж байх үед гар, хөл нь цус болсон согтуу хүн орилж байгаатай таарч.  Тиймээс цагдаагийн хоёр албан хаагч хэв журам сахиулахыг оролдсон байдаг.

    Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Гар, хөл цус болсон шалтгаан нь ажилтнуудынхаа хоолыг бэлдэх зорилгоор үхэр гаргасан гэсэн. Цустай гараа угаалгүй явж байсан юм билээ. Цагдаагийн алба хаагч нар тухайн хүний согтуурлын зэргийг шалгахаар  цагдаагийн хэлтэс рүү авч явсан байдаг. Энэ үед хохирогчийн биеийн байдал муудсан байна.  Ингээд эмнэлэг рүү хүргэж өгсөн байдаг. Цагдаа нар талийгаачийг эмнэлэгт хүргэж өгөх үед  дөрвөн залуу ирж,  тэдний биед халдсан байна.  Ахлах офицерын толгой хавдсан, машин барьж явсан цагдаагийн тархи хагарсан мэдээлэл бий.

    Дээрх цагдаагийн биед халдсан асуудал тусдаа хуулиар шийдэгдэх асуудал. Хохирогчийн биед гадна үзлэг хийгдсэн. Задлан шинжилгээний эцсийн хариу гарсны дараа үхлийн шалтгаан тодорхой болно. Цагдаагийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокурор, шинжээч эмчийг оролцуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт очиж, үзлэг шалгалт хийсэн. Одоогоор мөрдөн, шалгах ажил үргэлжилж байна" гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ