Булган аймаг 40 мянган га талбайгаас 56 мянган тонн Улаанбуудай хурааж авахаар төлөвлөж байна

` 2019 онд улсын хэмжээгээр нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн. Ургац хураалтын ажил орон даяар эхэлж өнөөдрийн байдлаар тариа хураалт 20 гаруй, хүнсний ногоо хураалт 40 гаруй хувьтай явагдаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ХХААХҮ-ийн сайд Булган аймагт ажиллаж ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Ургацын урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэж салбар яамнаас мэдээлсэн. Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойт талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байгаа ч энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал харьцангуй сайн байна. Тус аймгийн хувьд 40 мянган га талбайгаас 56 мянган тонн Улаанбуудай хурааж авахаар төлөвлөж байгаа аж.
Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 420.0 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2019 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50.0 мянган тонн буудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 6.6 мянган тонн, тэжээлд 21.5 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлсэнээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 333.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай. Тэгвэл энэ жилийн ургацаас 2019-2020 оны хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна тодорхой хэмжээний буудайн нөөц бүрдэх боломж байгааг салбар яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ