Хайр дүүрэн “Хүүхдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэж байна

Монгол Арт Галерейгаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилд зориулан “Хүүхдийн дүр дүрслэх урлагт” сэдэвт зураачдын үзэсгэлэнг энэ сарын 25-нд нээсэн бөгөөд ирэх сарын 15-н хүртэл үзэгчдийн хүртээл болгох юм байна.
Монголын дүрслэх урлаг хөгжлийн түүхэндээ сэдэв төрлийн хувьд өргөжин тэлсээр ирсэн билээ. Үүнээс “Хүүхэд багачуудын” сэдэв гол байр суурийг эзлэх болсон юм. Уран бүтээлчдийн өөрсдийн өнцгөөс хүүхдийн үйл хөдлөл, донж төрх, зэргийг гярхай олж харан бүтээлдээ тусгасан олон арван бүтээл байдаг. Төрөөс энэ сэдэвт чухал ач холбогдол өгч, өсвөрийн шинэ үеийг эх орноо хайрлан хамгаалах, бахархах, сурах, өв тэгш боловсрол мэдлэгтэй иргэн болгон хүмүүжүүлэн, ирээдүйг бүтээн байгуулах шинэ хүнийг бүрэлдүүлэх зориолгоор хүүхдийн төлөө үндэсний төв, болон хүүхдийн байгууллагууд хамтран олон ажил хийдэг байсны нэг нь энэ удаагийн үзэсгэлэн ажээ.
Хүүхэд багачуудын ертөнцийг танин олж харах эрмэлзэл нэн өвөрмөц байдаг бөгөөд амьдралын үнэнийг дүрслэх урлагаар танилцуулан ойлгуулах үүрэг бүтээлч бүхний өмнө тулгарч өсвөр үеийнхэнд амьдралын үнэт сургамж үлгэр болох бүтээлээ улам олшруулах зорилгоор Монгол арт галерей энэхүү үзэсгэлэнг сэргээн зохион байгуулж буй гэнэ.
Энэ сэдвээр 30-аад уран бүтээлчийн 100 гаруй бүтээл олны хүртээл болох юм байна. МУУГЗ зураач Ч.Батмөнх, Н.Санчир, Ё.Өлзийхутаг, Г.Төмөр, МУСГЗ зураач Д.Гунгаа, МУУГЗ С.Дондог, Р.Дуйнхоржав, Ж.Ганхүү, Б.Насанцэнгэл, Т.Бадамжунай, Д.Эрдэнэ, Ш.Баатар, С.Баярбаатар, Б.Очирхуяг, Б.Хонгорзул, С.Баярбаатар, Ч.Өнөржаргал, Ц.Батжаргал, Ч.Одпүрэв, Д.Булгантуяа, Ц.Баттөр Б.Отгонтүвдэн, Г.Ариунболд, Б.Содномдаржаа, Б.Эрдэнэжаргал, Э.Амаржаргал, Т.Одон, П.Ганбат, О.Эрдэнэбулган, А.Сонинбаяр, Б.Мөнхзул, Ж.Болортүвшин, Н.Мөнхтуул, Д.Анхзаяа, Э.Билигт, С.Цацрал,Л.Наранхүү, Д.Алтангэрэл,Ц.Одгэрэл зэрэг олон чадварлаг зураачдын бүтээл дэлгэгдэж байгаа юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Д.Гунгаа "Хүн бүрийн нандигнадаг хайрладаг бүтээлийг гаргаж иржээ. Хэн ч харсан хайрлахгүй байхын аргагүй гэнэн цагаахан хүүхдүүдийн зураг олон байна" гэсэн бол Б.Отгонтүвдэн "Ойрын жилүүдэд энэ төрлийн үзэсгэлэн төдийлөн гарч ирж байгаагүй." хэмээн үзэсгэлэнгийн талаар онцолсон юм.
Үзэсгэлэн үзэхийг хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй юмсанж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ