Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд болсон сайхан үйл явдлуудаас.....

    Bataar.mn сайт нийгмийнхээ саар муугийн эсрэг нийтлэлийн бодлогоо хатуу зарчимтай байлгадаг тиймдээ ч сайн сайхныг хөхүүлэн дэмжиж “7 хоногт болж өрнөсөн сайхан үйл явдал”-уудыг тоймлон хүргэж байгаа билээ. Нийгмийн сүлжээгээр явж буй мэдээллийн дийлэнхийг сөрөг мэдээ мэдээлэл эзэлж буй энэ цагт уншигч та бүхэндээ долоо хоногт болж өнгөрсөн сайхан үйл явдлуудыг хүргэж байна.

Өнгөрч буй долоо хоногт улс төр болон нийгмийн хүрээнд хэд хэдэн сайхан үйл явдал болж өнгөрлөө. 

    Нэн тэргүүнд онцлох хамгийн сайхан мэдээ бол Монгол улсын минь үндэсний урлаг дэлхийд танигдаж буй явдал юм. Учир нь Рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй "The Hu" хамтлагийн анхны цомог болох "Gereg" энэ долоо хоногийн Billboard-ийн World Albums жагсаалтыг тэргүүлсэн нь Монгол хамтлагийнхны цомог ийнхүү тэргүүлсэн анхны тохиолдол болж байна. Монголын үндэсний хөгжмийг рок урсгалтай хослуулсан Хүннү рок урсгалыг дэлхийд таниулах зорилгоор гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогийн үүсгэн байгуулсан "The Hu" хамтлаг "Gereg" цомгоо энэ сар(2019 оны есдүгээр сар)-ын 13-ны өдөр АНУ-д нээж, албан ёсоор худалдаанд гаргасан билээ. Ийнхүү олон улсын зах зээлд борлуулагдсанаас хойш хагас сарын дотор Billboard-ийн жагсаалтыг тэргүүлжээ. Сайхан биш гэж үү.

    Улс эх орны ирээдүй бол эрүүл Монгол иргэн. Тийм дээ ч өнгөрөгч баасан гарагт 3,000 гаруй залуу Төв талбайд өглөөний дасгал хийсэн юм. Олон нийтэд эрүүл чийрэг амьдралын хэв маягийг уриалах, биеийн тамир спортыг бүх нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулсан арга хэмжээнд оюутан залуус болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, харьяа байгууллагуудын албан хаагчид зэрэг нийт 3,000 гаруй хүн оролцож, хамтдаа дасгал хөдөлгөөн хийсэн нь олон нийтэд зөв үлгэр дуурайлал болохуйц сайхан үйл явдал боллоо.

    Сайхан зүйлийг сонсвол чих баярладаг. Тэгвэл сайхан зүйлийг үзэж нүдээ баярлуулцгаая. Юу гэвэл  Монгол Арт Галерейгаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилд зориулан “Хүүхдийн дүр дүрслэх урлагт” сэдэвт зураачдын үзэсгэлэнг энэ сарын 25-нд нээсэн бөгөөд ирэх сарын 15-н хүртэл үзэгчдийн хүртээл болгох юм байна. Үзэхийг хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй гэсэн шүү.

    Залуус маань дэлхийтэйгээ хөл нийлүүлсээр тэдний төлөөлөл болсон“Хүннү мото клуб" Хүннү соёлыг дэлхийд түгээх гэнэ.

    Засаг төр минь сайхан мэдээ нэгээр нэмсэн долоо хоног байлаа. Учир нь Монгол Улсын Засгийн газар энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Засгийн газар үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж олон нийтэд нээлттэй үйлчилсэн юм.

    Мөн энэхүү нээлттэй өдөрлөгийн хүрээнд Талбайн 29 дугаартай “Ном – Уншигч– Соёл” асарт Хүүхдийн төв номын сан, иргэдэд үйлчилсэн. Энэ үеэр хуучирч муудсан номыг сэргээн засаж байсан шүү.

    Дэлхийтэй хөл нийлүүлсэн өөр нэг бүсгүй бол Мисс Д.Долгион юм. Тэрбээр "Хүмүүнлэгийн элч-99" арга хэмжээнд оролцож, "Хүмүүнлэгийн элч" хүндэт өргөмжлөл хүртэж, Хүмүүнлэгийн элч болжээ. Мундаг ах эгч нараас ихийг сурч, цаашдаа нийгэмд чиглэсэн сайн үйлсэд сэтгэл зүрхээрээ өөрийн чадлаараа хувь нэмрээ оруулах болно оо. Хүмүүнлэгийн элч ах эгч нар маань ямар их сайн үйлсийг бүтээж, тусалж, дэмжиж, олон хүүхэд, эмэгтэйчүүд, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, архи мансууруулах бодисоос хамааралтай, хорих хүмүүжүүлэх анги зэрэг олон хүчин зүйлсээс үүдэлтэй асуудлуудад хүрч, нийгмийн хариуцлагатайгаар ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай юм" гэж хэлсэн шүү. Мундаг юмаа.

    Бас нэг сайхан үйл явдал болсон. Энэ нь Монголын сэтгүүл зүйн салбарын дээд шалгуур “Балдорж” шагнал гардуулах ёслол байлаа. Сэтгүүлчдийн бүтэн жилийн бүтээлч хөдөлмөрийг мэргэжлийн өндөр шалгуураар шүүж, шилдгийг тодруулдаг ”Балдорж” шагналтнаар сэтгүүлч У.Ганбаяр, М.Буянбадрах нар Хүрээлэн төсөл  - “Калмык” их нүүдлийн мөрөөр, “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлгээрээ тодорч, болор цом, өргөмжлөл, 20 сая төгрөгийн эзэн болж чаджээ.

    Шинэ бүтээн байгуулалт сүндэрлэлээ.  Ус сувгийн удирдах газрын түүхт 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Хяналт удирдлагын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус төв ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамжийн насос станц, усан сангууд, шугам сүлжээний даралт, түвшин, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цахилгаан хангамжийн дотоод схем, ундны усны халдваргүйжүүлэлт, ус зөөврийн автомашинуудын ус тээвэрлэлт, ухаалаг ус түгээх нэг цэгийн үйл ажиллагаа, алсын зайны хяналтын систем, нэвтрэх систем, шугам сүлжээний гэмтэл зэргийг хянаж, горимын оновчлолыг хэрэгжүүлэн алсаас удирдах боломжтой аж. Энэ төвийг   Азийн хөгжлийн банкны дэмжлэг туслалцаатайгаар барьж байгуулсан байна.

    Дараагийн сайхан мэдээ нь Ховд айигийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт санаачлан Эрүүл мэндийн яам, Оном сантай хамтран “Элэг бүтэн Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Алслагдсан бүс нутгийн иргэд сумандаа вирусын илрүүлэгт хамрагдаж, вирустэй бол аймгийн төвөөр дамжуулан Улаанбаатар хотын магадлан итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээгээ явуулж, цаг хугацаа алддаг байсан цаг ард хоцорчээ.Тус хөтөлбөр хэрэгжсэнээр хөдөөгийн 16 сумын иргэд заавал Улаанбаатар хот, аймгийн төв рүү явахгүйгээр орон нутагтаа В,С вирусийн шинжилгээ өгөхөөс гадна вирус тоолуулах, вакцинжуулалт, эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болж байгаа юм. 

Хамгийн сүүлийн сайхан мэдээ нь    Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа төрийн өмчийн сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлж 100 хувь хоёр ээлжид шилжүүлэх, зарим хороодод сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулахаар тусгагдсан. Тэгвэл өдгөө Улаанбаатарт 26 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байгаа юм. Ингэснээр сургуулийн сурагчдын суудлын тоо 6840, цэцэрлэгийн хүүхдийн ор 2500-аар нэмэгджээ. Сайхан юмаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ