"Таны үрчлээг хормын төдийд арилгах болно" гэсэн үлгэрийн ярианд итгэсээр байх уу.....

Орчин цагт гоо сайхны салоноор үйлчлүүлдэггүй эмэгтэй хүн ховор болсон. Оросын их зохиолч Феодор Микайлович Достоевскийн хэлсэн “Гоо сайхан ертөнцийг аварна” хэмээх үг эдүгээг хүртэл дэлхий ертөнцийг шуугиулж, тэр дундаа дэлхийн өнцөг булан бүрт суугаа эмэгтэйчүүдийг галзууруулах шахаж байгаа гэхэд болно. Цаг хугацаа өнгөрөх тусам эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнтэй байх хүсэл тэмүүлэл улам ихэсч, түүнийг дагасан шинэ гоо сайхны бүтээгдэхүүн, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрууд ч олшров.
Монголчууд “мода”-ноос хоцордоггүй гэснийг батлах гэсэн мэт аль хэдийн гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд их хотын гудамжинд өөр өөрийн үнэ ханшийг тогтоон, элдэв төрлийн үйлчилгээг охид бүсгүйчүүд төдийгүй залуучуудад ч хүргэн хаяа, хаяагаа дэрлэн байршиж байна. 6D, омбер шивээс, маникюр, педикюр, ботокс, эхэсийн тарилга хийнэ, батга эмчилнэ гэх зэрэг хэн бүрийн эмзэг сэдвийг хөндсөн, нүдэнд дасал болсон хаягтай гоо сайхны газрууд байх. Эдгээр газруудын үнэ ханш, үйлчилгээ харилцан адилгүй. Мөн эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан, тусгай зөвшөөрөлтэй эсэх нь ч тодорхойгүй байдаг.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй “гоо сайхны үйлчилгээ үзүүлнэ” гэх тодотголтой газруудыг онцлон энэхүү нийтлэлээ бэлтгэв. “Гоо сайханд золиос хэрэгтэй” гэх хэнэггүйхэн үг бүсгүйчүүдийн дунд элбэг. Тэглээ гээд амь насаа золионд тавьж болохгүй шүү дээ. Нэгэнт та гоо үзэсгэлэнгийн төлөө санхүүгийн золиос гаргаж байгаагаас хойш аюулгүй, чанартай үйлчилгээг тухайн байгууллагаас авах ёстой.
Гэвч “Таны үрчлээг хормын төдийд арилгах эмчилгээний тарилгыг манай салон оруулж ирсэн” гэх үлгэрийн мэт телевизийн захиалгат нэвтрүүлэг, сэтгүүл дээрх зар сурталчилгааг бид нэг үзээд л, тэр үйлчилгээг очоод хийлгэчихдэг. Тэр бүү хэл сүүлийн үед фэйсбүүк хуудсаар дамжуулан сурталчилж буй хямдхан шивээсийг ч хийлгэж байна, бүсгүйчүүд. Гэхдээ энэ бүх үйлчилгээг бид хаа таарсан газраасаа аваад байх ёстой юу. Эсвэл эдгээр газрууд бүгд л нэгэн төрлийн үйлчилгээг үзүүлдэг ч яагаад нэг нь тэнгэрт хадсан өндөр үнэтэй байхад нөгөөх нь хямд үнэтэй байгаад байна вэ гэх асуултыг хааяа ч гэсэн өөрөөсөө асууж үзсэн үү. Тэгвэл учир ийм байдаг байх нь. Энэ онд хийсэн судалгаагаар эмчилгээний гоо сайхны газруудын 60.7 хувь нь зөрчил гаргасан гэсэн тоо гарчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгалмаа хэлэхдээ “ Хүний арьсны гоо сайхантай холбоотой эмгэгийг эмчлэх буюу засал хийх, үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд түүнд чиглэсэн зөвлөгөө өгөхийг эмчилгээний гоо сайхны үйлчилгээ гэдэг. Энэхүү үйлчилгээг явуулах эрх бүхий байгууллагыг эмчилгээний гоо сайхны газар гэж нэрлэдэг. Энэ тодорхойлолтоос үзэхэд хүний арьс салстыг цоолж байгаа л бол эмчилгээний гоо сайхны үйлчилгээ болно. Эмчилгээний гоо сайхны үйлчилгээг явуулахын тулд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан тавигдах шаардлагыг хангаж эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах ёстой байдаг. Ингэхдээ зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин, үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл, хүчин чадалд тохирсон болон эрүүл ахуйн шаардлага хангасан багаж төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангаж тусгай зөвшөөрөл авдаг. Харин гоёлын гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй газрууд арьс салстыг гэмтээх үйлчилгээ үзүүлдэггүй. Зөвхөн массаж, гоёлын будалт, маникюр, педикюр зэрэг үйл ажиллагааг гоёлын гоо сайхны газар хийдэг гэж ойлгож болно” гэв.
НМХГ-аас “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Эмчилгээний гоо засал, гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, гоо сайхны салон, гоёлын гоо сайхны газруудад хяналт шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалтад эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 39 эмнэлэг хамрагдсан. Шалгалтын явцад эмнэлгүүдэд эмчилгээ, оношлогоо, урьчилан сэргийлэх ажлын стандартын удирдамжийн мөрдөлтөд /тусламж үйлчилгээний чанарт/ төлөвлөгөөт болон явцын үнэлгээ хийж үр дүнг тооцож ажиллаагүй зөрчил нийт шалгалтад хамрагдсан газруудын 70.6 хувьд илэрсэн. Мөн эмчилгээний гоо сайхны газруудад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтны гаргасан алдаа, зөрчлөө бүртгэж, алдааны сан бүрдүүлэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ашиглах талаар тодорхой хийсэн ажил байхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Цаашид эмнэлгүүд тусламж, үйлчилгээний чанарт тавигдах дотоодын хяналт шалгалтыг сайжруулж, холбогдох тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах шаардлагатай байгааг тэд анхааруулж байлаа.
Манай улсад гоёлын гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад, шивээс, цоололт, тарилга, ботокс, эхэсийн тариа эмчилгээ, филлер эмчилгээ гэх мэтчилэн олон үйлчилгээг хийж байгаа нь тусгай зөвшөөрөлтэй арьс гоо заслын эмнэлэгт хийх үйлчилгээнүүдийг үзүүлж, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх явдал гарсаар байна. Энэ бол гоёлын гоо сайхны газрын хийх ёстой ажил биш. Эмчилгээний гоо сайхны хийх ажил.
Тиймээс иргэд энэ талаар маш сайн мэдэж байх шаардлагатай аж.Эмчилгээний гоо сайхны газар нь хүний арьс салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулах, цоолох үйлчилгээг үзүүлдэг, тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн боловсон хүчинтэй, аюулгүй ажиллах багаж төхөөрөмжтэй байх юм байна гэж ойлгож болно. Хэрвээ тухайн иргэн аливаа арьс салстыг цоолох үйлчилгээ хийлгэхээр болбол “Тухайн газрынхан эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, мэргэшсэн боловсон хүчиний эмчлэх эрхийн зөвшөөрөл, үнэмлэхийг үзэж асууж харж байж уг үйлчилгээг авах нь зүйтэй. Ингэснээр өөрийгөө аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж чадна.
Энэ онд л гэхэд гоо сайхны газруудаар үйлчлүүлсэн хоёр ч иргэн насан туршдаа гоо сайхнаараа хохирсон. Тийм учрааас бүсгүй та гоо сайхны газрыг сонгохдоо хямд үнийг нь биш чанарыг нь, хэрэглэж буй багаж хэрэгсэл, эмчийг нь харж сонголтоо хийхийг холбогдох хүмүүс анхааруулж байна.
Мөн эндээс харахад, бидний хөмсөг шивүүлдэг, ботокс хийлгэдэг газрууд эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бус гоёлын гоо сайхны чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй байдаг гэдгийг ойлгосон биз ээ. Энгийнээр хэлэхэд, нүүр будах, массаж, иллэг хийх эрх бүхий байгууллагад иргэд итгэл дүүрэн өөрийн гоо сайхныг даалгаж болохгүй гэсэн үг. Жишээ болгож зарим гоо сайхны салонуудаар явлаа.
Гэрэл муутайхан бүүдгэр коридороор явсаар хаалга нь хагас онгорхой өрөөнд тулж ирлээ. Хаалгыг нь түлхэж, өрөөнд ортол чийг ханхлуулсан умгар өрөөнд эмнэлгийн цагаан халад өмсч, маск зүүсэн 20 гаруй насны эмэгтэй 40 орчим насны эрэгтэйн батгыг шахаж байгаа харагдав. Тэрбээр гартаа батга шахагч зориулалтын зүү барьсан бөгөөд өрөөний баруун, зүүн талд тус тус нэг хүний ор байрлуулжээ. Орыг өнгө нь гандаж, үл ялиг бөөстсөн цагаан өнгийн бүтээлгээр бүтээсэн байв. Үйлчлүүлэгч эрэгтэй зүүн талын орон дээр хэвтсэн хэдий ч түүний гутал баруун орны хажууд байх аж. Хоёр орноос өөр мэргэжлийн тоног төхөөрөмж гэх юм тус салон дотор харагдсангүй. Өрөө нь ч гэрэл муутай юм. Энэ газар бол СХД-ын 24 хороонд байрлах нэгэн гоо сайхны салон. Гадна талдаа “6D, омбер шивээс, маникюр, педикюр хийнэ. Пудрын хор тайлна, Батга эмчилнэ” гэх том хаяг өлгөсөн тул нүдэнд өртөж орж ирсэн нь энэ. Гоо сайханч эмэгтэйгээс энэ төрлийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг лавлан асуувал “Мэдээж Мэргэжлийн хяналтын газрын зөвшөөрөлтэй байж үйл ажиллагаа явуулна шүү дээ. Санаа зовох зүйл байхгүй. Найдвартай хийнэ. Манай будаг герман будаг. Хоёрын хооронд хоёр сар болоод арилах будгаар будуулж байхаар чанартай хийлгэсэн нь дээр” хэмээн зөвлөв. Тус салон 6D шивээсийг 120 мянган төгрөгөөр хийдэг гэнэ. Хэрвээ хөмсөг шивүүлэх бол урьд өдөр нь цаг авдаг аж. Мөн батганы эмчилгээг 7-10 хоногийн хугацаанд 75-155 мянган төгрөгөөр хийдэг байна. Тус салоны байранд үсчин хамт байрлах бөгөөд коридортоо хэдэн хуучирсан алчуур хувцас хатаагчид өлгөсөн харагдав. Энэ бол нийслэлийн өнцөг булан бүрт байрлах захын нэг гоо сайхны газрын дүр төрх.
Уг нь эмчилгээний гоо сайхны газрын үйл ажиллагаандаа мөрддөг “Эрүүл мэндийг хамгаалах технологи-Арьс, эмчилгээний гоо заслын оношлогоо, эмчилгээний түгээмэл үйлдлүүд MNS 5603:2006” стандарт байдаг гэнэ. Энэхүү стандартыг Монгол Улсын Эрүүл мэндийн хуулийн хүрээнд арьс-эмчилгээний гоо заслын чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй өмчийн бүх төрөл, хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүд үйл ажиллагаандаа дагаж мөрддөг аж. Тус стандартын нэг хэсгээс дурьдахад арьс гоо заслын үзлэгийг байгалийн, өдрийн болон зохиомол гэрэлтүүлэгтэй, саруул, агаарын хүчтэй урсгалгүй 22-23 хэмийн дулаантай тасалгаанд хийнэ хэмээн тусгажээ.
Гэвч манай улсад үйл ажиллагаа явуулж буй эмчилгээний гоо сайхны зарим газрууд байрны хонгилд ч байрладаг. Энэ мэтчилэн эрүүл ахуйн шаардлага хангаагүй газрууд тусгай зөвшөөрлийнхөө дагуу биш, өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар байна. Энд нэг зүйлийг онцлоход гоёлын гоо сайхны тусгай зөвшөөрлийн дор үсчин, гоо сайханчийн сургалтад сууж үнэмлэх авсан эсэх нь үл мэдэгдэх хүмүүс эмчилгээний гоо сайхны үйл ажиллагаа эрхэлж буй нь эндээс харагдаж байна. Гоо сайхны салон нь иймэрхүү байдалтай байгаа нь санаа зовоогоод зогсохгүй сүүлийн үед арван жилийн охид хүртэл гоо сайхны салоноор их үйлчүүлэх болсон байна. Дөнгөж 15 настай охин долоо хоногт хоёр ч удаа хумс болон нүүрээ янзлуулдаг гэнэ шүү. Химийн хортой хумсны будаг, үсний хөөсийг бага наснаасаа хэрэглэх нь охидын хувьд хэр оновчтой вэ?
Мөн тэдэнд үйлчилж буй гоо сайхны газрууд хэр чанартай баталгааатай байж чадах вэ? Энэ мэт зүйлээс болж хэдэн хүн эрүүл мэнд гоо сайхнаараа хохирох ёстой вэ? Гэх мэт асуултууд намайг ийн энэ сэдвийг хөндхөд хүргэв.....
Л.Энхцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ