Өнөөдрөөс хотын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар боллоо

    Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдаж нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл сонсчээ. Хотын ерөнхий менежерийн мэдээлснээр ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

    Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай явагдаж байгаа аж. Ус хангамж, ариутгалын чиглэлээр нийт 83 ажил төлөвлөснөөс 98 хувь, дулаан хангамжийн чиглэлээр нийт 46 ажил төлөвлөж 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн түүнчлэн инженер хангамжийн байгууллагуудын төлөвлөсөн ажлуудын биелэлт 95 хувьтай байгааг албаны хүмүүс мэдээлжээ.  Нийслэлийн Онцгой комиссоос сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалтад дүүрэг хороодын Засаг дарга нарыг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна. Өнөөдрийн байдлаар 501 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулах гэрээ байгуулж, нийт 55286 тонн түлш борлуулсан байна. Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй  цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, хангамжийн бааз-дундын хангамжийн төв-гэрээт борлуулагч гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг тасралтгүй хүргэж байгаа юм байна.

    Сайн карт түгээх ажлын хувьд Сүхбаатар дүүрэг 78 хувийн гүйцэтгэлтэй, Чингэлтэй дүүрэгт 94 хувь, Сонгинохайрхан дүүрэг 54 хувь, Баянзүрх дүүрэг 44 хувь,  Баянгол дүүрэг 89 хувь, Хан-Уул дүүрэг 72 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа аж. Нийт 163369 картыг хороодоор дамжуулан иргэдэд хүргэсэн мэдээлэл хийлээ. Сайн картаар нэг удаагийн дээд хэмжээг нэг тонн байхаар заасан байна.  Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай уялдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газарт хандан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа сайжруулсан түлшний талаар санаатайгаар худал мэдээлэл тараасан иргэн, аж ахуй нэгжийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг үүрэг болгож байсан.

    Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд угсармал орон сууцны дулаалах ажлыг эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо. Мөн аравдугаар сарын 1-нээс дүүрэг, хороодын Засаг дарга нарыг хороо дүүрэгтээ ажиллаж иргэд олон нийтийн санал гомдлыг арилгах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон юм. 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар болжээ. Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны төгсгөлд энэ талаархи захирамжийн нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ