Шарга морьт руу 600, Тэрэлж рүү 2300 төгрөгөөр зорчино

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны зарим чиглэлийн үнэ тариф өөрчлөлт орсон байна. Тодруулбал, холын чиглэлийн автобуснууд буюу Шарга морьт, Налайх, Зуслангийн чиглэлүүдийн автобусанд дамжиж суухад чиглэлээсээ хамаарч 600, 800, 900, 1100, 2300 төгрөг болжээ.
Энэ талаар холбогдох хүмүүсээс тодруулхад "Нийтийн тээврийн үнэ тариф нэмэгдсэн зүйл байхгүй. Нийтийн тээвэр 500 төгрөгөөр зорчиж байгаа. Харин Улаанбаатар Смарт карт компани гурван жилийн өмнөөс ухаалаг карт нэвтрүүлсэн. Энэ карт нэвтэрснээс хойш иргэд хот орчимд 500 төгрөгөөр зорчиж байсан. Харин есдүгээр сарын 23-наас Улаанбаатар Смарт карт программаа хөгжүүлж, бүх чиглэлийн үнэ тарифыг уншуулах боломжтой болсон учраас хот орчмын чиглэлийн нийтийн тээврийн үнийг гурван жилийн өмнө мөрдөж байсан үнээр зорчуулж байгаа юм. Харин Налайхын чиглэлийн автобус 900 төгрөгөөр зорчиж байсан. Үүнийгээ одоо буцаад мөрдөж ажиллаж байгаа. Харин Шарга морьтын чиглэл хот орчмын чиглэлд ордог.Шарга морьт руу 600 төгрөгөөр зорчино. Хамгийн хол чиглэл Тэрэлж 2300 төгрөгөөр зорчиж байгаа. Шувуу,Био комбинат, Санзай, Өлзийт, Хонгор, Ургах наран зэрэг 14 чиглэл өмнө нь энэ тарифаар зорчиж байсан" гэж байлаа.
Улаанбаатар смарт карт компани “Өмнө нь буудал болон өөр үнэ тарифтай байсан. Харин систем нэвтэрч эхлээд зорчигч жолоочид хаана буухаа хэлж, жолооч төхөөрөмжид тохиргоо хийж картыг уншуулаад явдаг. Харин зорчигч нар хаана буухаа хэлэхгүй 500 төгрөгөөр уншуулдаг байсан. Нэг үгээр хэлбэл, зорчигч үнэ тарифаа бүрэн төлж явдаггүй байсан байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Тээврийн газраас нэгдсэн байдлаар үнэ тарифыг тогтоох шийдвэр гаргасан. Энэ гаргасан шийдвэрийг “Улаанбаатар смарт карт” компаниас хэрэгжүүлж байгаа. Харин дамжин суултын хувьд 500 төгрөгөөр үйлчилж байгаа автобусанд суугаад, дараа нь 600 төгрөгөөр үйлчилж байгаа автобусанд суухын бол 100 төгрөг төлнө. Үнэ нэмсэн асуудал байхгүй гэдгийг мөн хэлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ