MMA: Нэргүйн Отгонбаатар “ONE Warrior Series”-д ялалт байгууллаа

ONE Championship Холбоотой 100,000 долларын гэрээ байгуулах шилдэг залуу тулаанчдыг нээн илрүүлэх зорилготой Рич Фрэнклиний ONE Warrior Series ээлжит тулаанаа амжилттай зохион байгууллаа.
ONE Warrior Series өмнө нь Сингапур улсад зохион байгуулагддаг байсан бол энэ удаад Холимог тулаан сонирхогчдын фестивал Япон улсад зохион байгуулагдаж буйтай холбогдуулан байршлаа өөрчилж, Токио хотод ирсэн байна. Нийт 16 тулаанч тулалдсаны 8 нь Япон тулаанч байсан юм.
Тус тулаанд Монгол улсын шилдэг тулаанчдын нэг, ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын ахмад, Хойд Америкийн “Dragon House” Холбооны аварга, “Zorky’s MMA” клубын тамирчин Нэргүйн Отгонбаатар эзэн орны тамирчин Такуяа Нагаяатай тулалдсан юм. Н.Отгонбаатар эхний үеийн төгсгөлд өрсөлдөгчөө боолтод оруулж, ялалт байгуулжээ.
Н.Отгонбаатарын хувьд ONE Warrior Series-д 18 сарын хугацаанд 4 тулаан хийх гэрээг өнгөрсөн 9-р сард байгуулсан юм. Тэдгээр тулаанууддаа сонирхолтой үзүүштэй тулаан гаргаж, өндөр амжилт үзүүлсэн тохиолдолд ONE Championship Холбоотой 100,000 долларын гэрээ үзэглэх эрхээр шагнуулах юм.
Монголын шилдэг тулаанчдын нэг З.Шинэчагтага 2018 оны 7-р сараас 2019 оны 6-р сар хүртэл ONE Warrior Series-д 5 тулаан хийж, 4 ялалт байгуулснаар ONE Championship Холбоотой 100,000 долларын гэрээ байгуулах эрхээр шагнуулсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ